Н.Очирбат

Н.ОЧИРБАТ: ЭРСДЭЛ ХИЙГЭЭД БОЛОМЖ БУЮУ АРГА БА БИЛИГ

Оршил

Ноксологид:
Аюул гэж тодорхой нөхцөл байдалд хүний эрүүл мэндэд хохирол учруулах чадвартай үзэгдэл, процесс, объект, юмсын шинж чанарыг хэлнэ;
Аюулгүй байдал гэж хүний үйл ажиллагаанд онцгой аюул байхгүй буюу аюул гарах явдал тодорхой магадлалаар арилсан байдлыг хэлнэ;
– Аюул нь потенциаль, өөрөөр хэлбэл болзошгүй, далд шинж чанартай байдаг;
Потенциаль аюулын тухай аксиом: “Хүний аливаа үйл ажиллагаа потенциаль аюултай”.
Аксиомоос дүгнэвэл:
1. Хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээний өгөөжийн түвшин ямар байхаас үл хамаарч үлдэгдэл эрсдэл байнга хадгалагддаг;
2. Туйлын, үнэмлэхүй аюулгүй байдалд хүрэх боломжгүй хэмээн томъёолдог.

Үнэмлэхүй аюулгүй байдлын тухай үзэл баримтлал

“Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал” буюу осол авааргүй (ослыг тэглэсэн) үйл ажиллагааны тухай ойлголт нь ХХ зууны дунд үе – аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед аж үйлдвэрээр тэргүүлэгч улсуудад оршин байсан үзэл баримтлал юм.
Энэхүү үзэл баримтлалаар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмын найдвартай ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийг тасралтгүй сайжруулж, түүнийгээ үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлж чадвал осолд дөхсөн тохиолдол, үйлдвэрлэлийн осол, ослоос үүдэх хохирол, ялангуяа ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлийг бүрэн арилгах боломжтой гэж үздэг байжээ.
Товчоор хэлбэл “машин аюулгүй, найдвартай ажилладаг байвал ажилчин аюулгүй ажиллаж үйлдвэрлэлийн осол тэг байх болно” гэсэн нэг талыг баримталсан алдаатай ойлголт нь “Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал”–ын үндэс нь байжээ гэж дүгнэж болохоор байна.

Тухайн үед “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдал” буюу “Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа” (“хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”) гэдэг цогц системийг “Техникийн системийн найдвартай байдал” хэмээх мөнхүү цогц системийг бүрдүүлэгч нэг дэд системээр төлөөлүүлэн ойлгож, үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлдэг байснаас үзвэл “Аюулгүй ажиллагаан дахь хүний хүчин зүйл”–ийн талаарх ойлголт тойм төдий байсан гэж нэмж дүгнэж болох юм.
Нөгөөтэйгүүр “Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал” нь ажлын байранд орших потенциаль (далд) аюулыг үүсч болох сэжигтэй цэгүүд дэх хяналт, бусад арга замаар илрүүлэх ажиллагааг хязгаарлаж болох талтай.
Өөрөөр хэлбэл “Хүний аливаа үйл ажиллагаа потенциаль аюултай” бөгөөд “Аюул нь потенциаль, өөрөөр хэлбэл болзошгүй, далд шинж чанартай байдаг” ноксологийн үндсэн зарчимд харшилж байгаа нь ч харагдаж байна.

Хүний үйл ажиллагааны сөрөг үр дагавартай холбоотой бий болсон экологийн, байгалийн, антропогенийн, эргономикийн, нийгмийн зэрэг олон аюулыг бууруулах, дахин давтахгүйн тулд, ялангуяа үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд “Хүний хүчин зүйл”–ийг аюулгүй ажиллагааны төлөвлөлт, хэрэгжүүлэлтэнд зайлшгүй харгалзан үзэх шаардлага манай улсын хувьд нэгэнт бий болжээ.

Манай улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.17–д ч “Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ” хэмээн тодорхойлж, энэхүү тодорхойлолтод хүний хүчин зүйлийг, ялангуяа хамт олны дотоод уур амьсгалын орчин, аюулгүй ажиллагаанд дадаж, төлөвшсөн байх ажилтны ёс суртахууны хийгээд хуулиар хүлээсэн үүргийг тооцож үзээгүй байгаа нь өнгөрсөн зууны “Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал”–ыг бид хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсээр байгаа юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.
Мэдээж эрсдэлийг бүрэн тэглэх, улмаар үнэмлэхүй хийгээд төгс аюулгүй байдалд хүрэх боломжгүй учир “Үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйл”–ийн нөлөөлөл ажлын орчинд, нөхцөлд оршсоор байх болно.
Иймд “Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал”–ын хүрээнд мэргэжлийн эрсдэлийг удирдах асуудал төгс боломжгүй болохын хувьд “Ослыг тэглэх алсын хараа”–нд хүрэхийн тулд эрсдэлийн удирдлагыг улам – тогтвортой сайжруулах шаардлагатай болж байгаа юм.

Зөвшөөрөгдөх эрсдэлийн тухай үзэл баримтлал

“Зөвшөөрөгдөх эрсдэлийн тухай ойлголт”–ыг ноксологийн аксиомд үндэслэн дараах байдлаар тайлбарлаж болох юм. Үүнд:

  • Замбуулин арвин хийгээд уужим болохын хувьд дэлхий дээр төгс аюулгүй үйл ажиллагаа байхгүй;
  • Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдалд хүрэх боломжгүй;
  • Үйл ажиллагааны туйлын – үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлыг хангах цорын ганц нөхцөл бол тэрхүү үйл ажиллагааг бүрэн зогсоох явдал мөн;
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, үйлдвэрлэлийн ба бусад бүх барилга байгууламж (объект)–ийн туйлын – үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлыг хангах цорын ганц нөхцөл нь энэхүү объектыг ашиглахгүй орхих эсвэл устгах явдал мөн;
  • Үйл ажиллагааны аюулгүй байдал (аюулгүй ажиллагаа), объектын аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрөгдөх эрсдэлийн хүрээнд хангаж болно.

Иймд “зөвшөөрөгдөх эрсдэлийн үзэл баримтлал” нь аливаа техногенийн эсвэл антропогенийн системд “аюултай үйл явдал” гарах магадлал зайлшгүй буйг нотолно. Ийм таагүй үр дүн гарах боломж нь “Хүн – Машин – Хүрээлэн буй орчин” системд тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотой. Ялангуяа хүний үйл ажиллагаанд тодорхойгүй байдал үүссэн тохиолдолд эрсдэл аандаа үүснэ.
Бидний үйл ажиллагаа, аж ахуйн нэгж байгууллагуудын, ХАБЭА–н ажилтнуудын аюулгүй ажиллагааны эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа зөвшөөрөгдөх эрсдэлийн хүрээнд өрнөж байгаа нь ч тодорхой. Гагцхүү манай ХАБЭА–н ажилтнуудын суурь ойлголт ямар түвшинд байна вэ?

Бид (ХАБЭА–н ажилтнууд) инженер–техникийн ажилтнууд, ажилчид, бусад холбогдох ажилтнуудынхаа хамт эрсдэлийг үнэлж, дээд удирдлагадаа танилцуулан санал, дүгнэлтийг нь авч эрсдэлийн үнэлгээгээ аль болох “хөрсөн дээр” буулгадаг.
Эрсдэлийн үнэлгээг “ХАБЭА–н үйл ажиллагааны төсвийн гарын авлага” гэж нэрлэхэд буруудахгүй. Эрсдэлийн үнэлгээ маань хэдий хэмжээний олон хүчин зүйлийг тооцож бодит амьдралд дөхүү нийцнэ, тэр хэрээрээ ХАБЭА–н үйл ажиллагааны төсөв маань бодит бөгөөд “буух эзэн, буцах хаягтай” байж, хариуцлагын тогтолцоо ч нэг талаас бүрдэх ёстой.
“Алдагдлыг төлөвлөдөг” ХАБЭА–н ажилтан байдаг уу? Байдаг бол ямар шалтгаанаар вэ? Зохиогчийн энэ асуултын үндсэн агуулга нь ХАБЭА–н ажилтнууд хүн хүчний, материалын, цаг хугацааны, бүтээгдэхүүний зэрэг гарч болох бүх боломжит алдагдлыг тооцдог байх, хүлээн зөвшөөрдөг байхад чиглэсэн болно.
Өөрөөр хэлбэл, асуултанд нэг талаас нь хариулбал, мэдээж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шаардлагатай тул ноксологийн аксиомууд, зөвшөөрөгдөх эрсдэлийн тухай концепцийг ч хүлээн зөвшөөрөх, өөрөөр хэлбэл дурдсан алдагдлуудыг тооцох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа юм. Мөн “алдсан боломж” гэдэг ойлголт ч энд хамаарна. Үүнийг “Боломжийг алдахгүй байх” тухай ойлголт гэж үзэж болох юм.

Нөгөө талаас, асуултанд сөргөх талаас нь хариулбал, хэрвээ дурдсан алдагдлуудыг тооцохгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэвэл үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй болно. Аливаа хохирлыг, алдагдлыг хүсэх хэн байх билээ… (Монгол улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 1. амьд явах эрхтэй…; 2. эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; 6. эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй…)

Хүний амьдрал, үйл ажиллагааны эрсдэлийн тухай ойлголт – арга ба билэг

Өдөр тутмын амьдралд, ажлын байран дээр “аюулгүй ажиллагааны эрсдэл” гэсэн ойлголтыг ажилтнууд ихэвчлэн ашиглаж буй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмынхаа эвдрэл, гэмтэлтэй холбон ойлгоод байдаг. Тэд “Каскаа бүчлээгүй ажиллаж байсан нь миний буруу” буюу “…миний буруу” гэдэг хариултыг хэлдэг болж байгаа нь аюулгүй ажиллагааны хандлагад гарч буй эерэг өөрчлөлт мөн. Гэвч “эрсдэл” хэмээгч нь өөрөө аюул, занал, болзошгүй алдагдлыг хэмжих хэмжүүр болох тухай ойлголтыг “углуургаар нь авч үзэх” төлөвшил удаан, хангалтгүйн зэрэгцээ эрсдэлийг үйл ажиллагааныхаа алдаа, дутагдлыг сайжруулах боломж гэж үздэггүй нь түгээмэл оршсоор байна.

“Эрсдэл бол аюулын хэмжүүр” гэж ойлгох нь хүний амьдрал, үйл ажиллагаан дахь эрсдэлийн тухай анхны ойлголтын суурь буюу мөн чанар нь мөн. Энэхүү ойлголтыг манай ХАБЭА–н ажилтнууд “Аливаа үйл ажиллагааны эхлэлд, явцад, эсвэл төгсгөлд таагүй зүйл гарчих вий” гэсэн болгоомжлол, эмзэглэлтэйгээр сөрөг талаас нь бодоод байдаг нь эрсдэлийн нөгөө талд “Боломж” оршино гэдэг ойлголт дутуу төлөвшсөнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Ерөнхий байдал нь “Эрсдэл” хэмээх үгийн цаана “Хадны мангаа” оршдог гэсэн сэтгэлгээ нэгэнт төлөвшчихсөн тул эрсдэлийн үнэлгээг “боловсруулахдаа” ХАБЭА–н бүхий л чиглэлийн үйл ажиллагааныхаа суурь “гарын авлага” болох талаас нь “хардаггүй” дутагдалтай.

Зохиогчийн болон зарим судлаачдын дүгнэснээр тэд ослын суурь шалтгааныг хувь хүний зан чанар, нийгмийн байдал, хөдөлмөрийн нөхцөлийн талаас нь хэд хэд ангилсан байх бөгөөд ангиллын дотор “Эрсдэлд “донтох”, эрсдэлд “амтших” – Зарим хүний сэтгэцид эрсдэлтэй үйлдэл хийх хандлага их байдаг байна. Тэд “бүгдийг эрсдэлд оруулж” таашаал авдаг гэнэ” хэмээх дүгнэлт ч байж байна. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлавал “Амжилтанд хүрье гэвэл эрсдэлээс бүү тойр” гэдэг үг тохирно. Энэ нь амжилтанд хүрэхийн тулд өмнөх алдаан дээрээ суралцаж, туршлагажин, илүү сайн хувилбаруудыг хэрэгжүүлэх боломж оршин байдаг гэдгийн нотолгоо ч болно. Үүнийг “Боломж” хэмээх нэр томъёогоор нэрлэдэг болно.
Бяцхан дүгнэлт хийвэл, “Эрсдэл бол аюулын хэмжүүр” хэмээх нэгдүгээр (сөрөг) ойлголтоос гадна “Эрсдэл бол Боломж” гэсэн хоёрдугаар (эерэг) ойлголт гарч ирж байна.
Мөн эрсдэлийн тухай гуравдугаар ойлголт ч байгаа юм. Тухайлбал,

  1. “Эрсдэлээ даагаад үйл ажиллагаагаа эрхлэн орлоготой, ашигтай ажиллах”;
  2. Манай улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 4.5 дугаар зүйлд “Нийтэд тустай үр дүнд хүрэхийн тулд үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлыг хийхдээ хууль, стандартад заасан эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан боловч энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Дээрх хоёр жишээнээс үзвэл эрсдэлийн сөрөг ба эерэг ойлголтын диалектик нэгдэл буюу эрсдэлийн тухай гуравдугаар ойлголт гарч ирж байгаа юм. Гуравдугаар ойлголтыг “Эрсдэл хийгээд Боломж” гэж үзнэ. ISO45001:2018 стандартын 6–р бүлэгт ч “Эрсдэл ба боломжид чиглэсэн арга хэмжээ”–г хэрэгжүүлэх тухай заасан нь бий.
Энэхүү нэгдлийг монголчуудынхаа уламжлалт ёстой холбон тайлбарлахыг хичээе.
Арга билгийн сургааль нь бодис юмс үзэгдэл, хөдөлгөөний эсрэг, тэсрэг атлаа бие биеэс нь салгаж үл болох, харилцан бие биенээ нөхцөлдүүлэх нэгдэлтэй ёс журмыг тайлбарлах диалектик ухаан юм. “Арга байгаад билэггүй бол, билэг байгаад аргагүй бол аливаа зүйл үл оршин тогтнох болно” гэж үздэг.
Арга билгийн мөн нэг тайлбар бол ухаан хийгээд ухамсрын ойлголт болно. “Аргын ухаан, билгийн ухаан хоёр хослон байж төгс төгөлдрийг (арга билэг) бүтээдэг гэж үздэг ба “Аргаа барахын цагт билгийн ухаан сэрдэг, Билгийн ухаан шавхагдахын цагт аргын ухаан дийлдэг” хэмээх үг ч бий.
Арга – билгийн ухааны тухай ном судруудад “орчлон ертөнцийн бүхий юмс хос (тэгш) оршино” хэмээгээд “эрх–үүрэг”, “газар–тэнгэр”, “халуун–хүйтэн”, “нэмэх–хасах”, “хатуу–зөөлөн”, “эр–эм”, “хурдан–удаан”, “үнэн–худал”, “үүсэх–арилах”, “төрөх–үхэх”, “гэрэл–сүүдэр”, “хуурай–нойтон”, “амь–бие” зэрэг биет болон сэтгэхүйн үйлийг заавал хосолмол, харьцангуй авч үздэг.

Хүний бие нь арга, сэтгэл санаа, оюун ухаан нь билэг болно. “Эрсдэл”, “Боломж” хэмээх хоёр ойлголтын зэрэгцээ гуравдугаар ойлголт бий хэмээсэн нь ч ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, хоёр зүйлийн шүтэн барилдлагын үр дүн болсон гуравдагч зүйл оршино гэж уламжлалт сургааль ба эрдэмтдийн бүтээлд дурдсаныг ч иш татаж болно. Тухайлбал,
“Орон зай – Оршигч” хоёр бус “Орчлон ертөнц” л буй;
“Устөрөгч – Хүчилтөрөгч” хоёр бус “Ус” буй;
“Бие – Амь сүнс” хоёр бус “Хүн” буй гэх мэт.
Ертөнцийн үүсэх оршихуйн тухай Монголын энэ үзэл онол нь амьдрал ахуй, урлаг соёлдоо өргөн дэлгэр тусгагдсан байдаг. Тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа “Хоёр нь” сургаальдаа
“Саруул мунхаг хоёр нь онох, эндүүрэх хоёр
Самуун хянамгай хоёр нь мунхаг, сайхан хоёр
Буян хилэнц хоёр нь тус, хор хоёр
Цагаан хар хоёр нь авах, гээх хоёр
Төрөх, үхэх хоёр нь бүтэх, эвдрэх хоёр
Буй үгүй хоёр нь хямд, хэцүү хоёр
Эцэг эх хоёр нь арга, билэг хоёр
Жаргал зовлон хоёр нь хүсэл, хясал хоёр
Бие сэтгэл хоёр нь биетэй, биегүй хоёр
Урьд хожид хоёр нь ирсэн, ирээгүй хоёр
Бат хэврэг хоёр нь удаан, түргэн хоёр”
гэж эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль болон гүн ухааны үүднээс тайлбарлажээ. Арга, билэг нь нэг юмны хоёр тал учир хүний бие махбодын гадна, дотно хоёрын гадна тал нь арга, дотор тал нь билэг юм.

Мөн монголчууд хүч нийлүүлэн аливаа зүйлийг татаж, түлхэхдээ “нэг, хоёр, гурав аа” гэдэг. Энэ нь “Арга – Билэг – Нэгдэл” гэсэн ухаан бөгөөд хүн бүр хүчээ нэгтгэхийн зэрэгцээ хүн бүр өөрийн дотоод – далдын боломжоо гадаад хүчтэйгээ нэгтгэх гэсэн ухаан ажээ.

Тэгвэл эрсдэлийн үзэл баримтлалын эсрэг, тэсрэг хоёр ойлголтын тухайд дараах диалектик нэгдэл оршиж байна хэмээн үзэж болох юм. Үүнд:

  1. Арга – идэвхтэй, зоригтой, амжилтад тэмүүлсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны таатай үр дүнг хүлээсэн, хөгжил хийгээд инновацийг нэвтрүүлсэн байдал. Өөрөөр хэлбэл, “Арга буюу Эрсдэл” хэмээх энэхүү нэгдүгээр зүйрлэл нь төлөвлөсөн үр дүнд хүрэх, ахиц дэвшил гаргах буюу ерөөс ажил гүйцэтгэлийн үр ашгийн төлөөх үйл ажиллагааг илэрхийлж байна;
  2. Билэг – идэвхгүй, болгоомжтой, аюулаас (уналтаас) сэрэмжилсэн, тааламжгүй үр дагавраас зайлсхийсэн, уламжлалт хэв маягийг сахисан байдал гэж тайлбарлахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Билэг буюу Боломж” хэмээх энэхүү хоёрдугаар зүйрлэл нь үйл ажиллагааны аюулгүй байдлыг илэрхийлж байна.

1 дүгээр зураг. “Эрсдэл хийгээд Боломж” буюу “Арга ба Билэг”

“Арга буюу Эрсдэл”–ийг амжилттай удирдсаны үзүүлэлт нь аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй ажиллагаа хангагдсаны үр дүнд сул зогсолтгүй, алдагдалгүй, хохиролгүй ажилласан хугацаа буюу ашигт ажиллагааг тогтвортой түвшинд хангасан байдал болно. Иймд “Арга буюу Эрсдэл”–ийн цаана “тогтвортой байдал” хэмээх ойлголт шууд хамааралтай.

“Билэг буюу Боломж”–ийг амжилттай удирдсаны үзүүлэлт нь аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй ажиллагаа хангагдсаны үр дүнд бизнесийн нэр хүнд дээшлэх, ахиц дэвшил – хөгжилд хүрэх, зах зээлээ тэлэх, харилцагч нарын тоо нэмэгдэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлсэн байдал болно. Иймд “Билэг буюу Боломж”–ийн цаана “эдийн засгийн өсөлт” хэмээх ойлголт шууд хамааралтай болж байна.

“Эрсдэл хийгээд боломж” буюу “Арга ба билэг”–ийг аж ахуйн нэгж, байгууллагууд аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд мөн чанараар нь хэрэгжүүлж чадвал “Хөгжил – Тогтвортой байдал”, “Бүтээх – Өргөжүүлэх” үйл ажиллагааны зарчим хангагдана гэж үзэж болох юм. Ажилтнуудынхаа аюулгүй ажиллагааны мэдлэг, дадал, төлөвшлийг дээшлүүлсэн байгууллагад сул зогсолт буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ, ашиг, орлого нэмэгдэх үүд нээгдэнэ.

Ажлын байран дахь эрсдэлийн хамаарал