Зөвлөгөөнүүд

СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛЖ ДАВУУ ТАЛ БОЛГОХ АРГА БУЮУ СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Байгууллагын менежментэд ажлын байран дах стрессийг хэрхэн зохицуулах вэ, стрессийг ажилтан хүн давуу тал болгон хувиргах ямар арга замууд байх вэ гэсэн асуултад хариулт олох явдал туйлын чухал байдаг. Учир нь ажилтан хүний стрессээ хэрхэн удирдан зохицуулж байгаагаас байгууллага, хөдөлмөрийн хамт олон дах ажлын бүтээмж, үр дүн шууд хамаардаг байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд стресс менежмент гэсэн нэр томьёо гарч ирэх болсон. Стресс менежментийг түүчээлэн хөгжүүлсэн хүн бол Канад-Австрийн нэрт эрдэмтэн Бруно Ханс Селье юм.

Дашрамд өгүүлэхэд стресс менежментийн ухаан манай улсад огт хөгжөөгүй гэж үзэж болохгүй ч үүсвэрлэх шатандаа байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

Ажлын байран дах стрессийн сөрөг нөлөөллийг гэтлэн давах, эерэг нөлөөллийг зохистойгоор удирдан жолоодох цогц үйл явц нь стресс менежмент юм.

Стресс менежментийг гурван үндсэн хэсэгт хувааж болох байна. Үүнд:

  • Стресст нөлөөлөөд байгаа хүчин зүйлсийг тодлох, оношлох:
  • Стресс үүсгэгч талын зүгээс ирэх нөлөөллийг багсгах: (Стрессор)
  • Стрессийн сөрөг нөлөөллийг гэтлэн давах, стрессийг давуу тал болгох тогтолцоо бүрдүүлэх.

Стресс менежментийг дараах хоёр түвшинд авч үздэг. Эдгээрт:

  • Байгууллагын түвшинд:
  • Хувь хүний түвшинд.

Стресс менежментийн үндсэн судлагдахуун нь стресс юм. Ингэхлээр стресс гэж чухам юуг хэлэв вэ гэсэн асуулт урган гарч байна.
Хэрэв та ажлын байран дах стресс туйлын хөнөөлтэй бөгөөд түүнийг ажилтан хүн тодорхой зөвлөмжүүдийг ажил, амьдралдаа мөрдлөг болгосноор гэтлэн давах боломжтой гэж үзэж байгаа бол асуудлаа хараахан бүрэн гүйцэд ойлгоогүй гэсэн үг юм.

Энгийн ухамсарын түвшин, шинжлэх ухааны мэдлэгийн түвшин хооронд ялгамж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энгийн ухамсарын түвшинд стресс муу зүйл бөгөөд гэтлэн давах хэрэгтэй гэж үздэг. Харин шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд стрессийг арай өөрөөр судалдаг бөгөөд стрессийн хүний ажил, амьдралд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хэрхэн гэтлэн давах, эерэг нөлөөллийг нь ажил, амьдралынхаа мөн чанар, амжилт, бүтээмжтэй уялдуулж ямар арга замаар нэвчүүлэх асуудлыг голчилдог. Өөрөөр хэлбэл асуудлын гол нь стресс бол муу зүйл биш бөгөөд зүй, зохистойгоор удирдаж чадвал хүний ажил, амьдралд өгөөж, тусаа үзүүлдэг сайн зүйл гэдэгт оршиж байгаа юм.

Тэгвэл стресс гэж юу юм бэ?
Стресс гэдэг нь дараах үндсэн утга санаагаар ойлгогддог.
Аливаа амьд биетэд орчноос үзүүлж буй нөлөөллийг гэтлэн давах тэр үйл явцыг стресс гэх бөгөөд амьд биетийн бие организмд хөнөөлт нөлөөлөл үзүүлэх гадаад орчны сөрөг утгатай нөлөөллийг дистресс (дистресс гэдгийн махчлан буулгавал тамираа барах, зүдрэх, зовох гэсэн утгыг дайдаг), эерэг утгатай нөлөөллийг эустресс гэнэ.

Стрессийг хувь хүнд илрэх сэтгэл санааны болон бие махбодынтаагүй мэдрэмж гэж үзвэл эндүүрэл болох билээ. Зарим тохиолдолд тухайн хувь хүн, ажилтны давуу тал болох тохиолдол байдаг. Харин сөрөг нөлөөлөлтэй стресс буюу дистресс хүнд хортой, хөнөөлтэй зүйл юм. Ажил амьдрал дээрдан ганц сөрөг нөлөөлөл төдийгүй зарим тохиолдолд, эерэг нөлөөлөл, хүчин зүйл хүртэл дистрессийг үүсгэх үе байдаг. Санаанд оромгүй ихээр баярлаж хөөрөх эсвэл уйтгарлаж гутах, бусдын голдоо ортол үзэн ядах, амьдралдаа хэзээ ч байгаагүй итгэл найдварыг үүсгэж түүндээ хэт хөөрөх зэрэг нь бүгд дистресс үүсгэх, улмаар үхэлд өртөөлөн хүргэх тохиолдол байна. Хүн баярлах, хөөрөх, бусадтай баяр жаргалаа хуваалцах сайхан. Гэхдээ энэ нь тухайн хүний амьдралд дистресс болон хувирч үхэлд хүргэх үе байна. Тухайлбал олон жил хараагүй хүнээ гэнэт харж баярлаад зүрх нь хаагдах эсвэл цус харваж бурхан болох тохиолдол байна. Бодот амьдрал дээр шоконд орох гэдгээр тайлбарлаж ярьдаг боловч үнэндээ сөрөг стресс буюу дистресс юм. өөрөөр хэлбэл эерэг стрессор дистрессийг үүсгэж байгаа тохиолдол юм. Эсрэгээрээ, эерэг утгатай стрессор эустресс үүсгэхтохиолдол бас байна. Дээр цухас дурдсан Ханс Селье эдгээрийг дасан зохицох эмгэгтэй холбон тайлбарласан байдаг.

Стресс гэх үгийг Английн судлаач Уолтэр Кэннон анх сэтгэл судлалын шинжлэх ухааны эргэлтэд оруулсан. XVII-XVIII зуун хүртэл үндсэндээ физикт голлон хэрэглэгдэж байсан бөгөөд шинжлэх ухааны үндэстэйгээр анхлан хөгжүүлсэн хүн нь Австри-Канадын эрдэмтэн, Жон Хопкинс, Макгилл, Монреалийн Их Сургуулийн профессор Йохан Ханс Хуго Бруно Селье(Hans Hugo Bruno Selye,1907-1982 он) юм. 1936 онд явуулсан туршилтаараа амьтан, хүнд гадаад орчны нөлөөгөөр нэгэн адил илрэх бие махбодын болон сэтгэл зүйнхариу өөрчлөлтийг стресс гэж нэрлэсэн. Гэхдээ стресс бүхэлдээ хортой зүйл биш юм. Амьтан, хүнд стресст хандах идэвхитэй болон идэвхигүй гэсэн хоёр арга байдаг. Стресс амьтан, хүнд амьдрах, оршин тогтнох илүү хүч хайрладаг сайн талтай гэж үзсэн. Судалгааны үр дүнгээ «Олон үүсгэвэрт эмгэгүүд» нэртэй өгүүлэлд дурдсан байна.

Өнөөдөр үндэс угсаа, хөгжил, дэвшил үл хамаарсан дэлхий нийтийн шинжтэй нийгмийн үзэгдэл болох стрессийн тухай асуудлаар 150 мянга орчим судалгааны нэг сэдэвт бүтээлүүд хэвлэгдэн гарчээ. Энэхүү асар хурдацтай хөгжиж буй мэдлэгийн салбарын анхны “шонг” тавилцаж, түүчээлэн хөгжүүлсэн хүн бол Австри-Канадын нэрт эрдэмтэн, судлаач Ханс Селье яахын аргагүй мөн билээ.

Селье «стресс бол амьдралын амт шимт бөгөөд хэн ч юу ч хийж чадахааргүй болсон цагт сая стрессээс дайжиж болох юм… Гэхдээ энэ бол бид юу ч хийх ёсгүй, стрессийг ямар ч хэлбэрээр илэрсэн хүлээн авах ёстой гэсэн үг хараахан биш ээ. Хүн үхэж байж, сая стрессээс ангид байж чадна» хэмээн бичжээ.

Хүнд гадаад орчны нөлөөгөөр өвчний эх үүсвэр болохын зэрэгцээ тухайн хүнд сэтгэл зүйн таагүй мэдрэмжийг төрүүлэх сөрөг утгатай стрессийг дистресс гэнэ. Дистресс үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:

  • Ил, далд физиологийн анхдагч хэрэгцээ удаан хугацаанд хангагдахгүй тохиолдолд:
  • Таагүй амьдралын нөхцөл:
  • Удаан хугацаанд бие эрхтэн зовиуртай, өвчин эмгэг үүссэн үед:
  • Удаан хугацаанд сэтгэл хөдлөлийн таагүй өөрчлөлт бий болох үе (айх, уурлах, ганихарч ганцаардах).

Дистресс дараах байдлаар илэрдэг байна. Үүнд:

  • Ажил албандаа бие сэтгэлээрээ төвлөрч чадахгүй байх:
  • Үймрээ, мартамхай болох:
  • Огцом сэтгэл хөдлөх, цухалдах:
  • Хэл яриа самуурах:
  • Хөдөлгөөний хэмнэл алдагдах:
  • Сэтгэл санааны түгшүүртэй байдал үүсэх:
  • Үе үе толгой, бүсэлхий, гэдэс өвдөх, дотор муухайрах.

Дистрессийг эустресс болгох өөрөөр хэлбэл сөрөг утгатай стрессийг эерэг утгатай стресс болгох нь стресс менежментийн үндсэн зорилго юм. Ингэж чадсанаар хүний бүтээлч үйл ажиллагаа идэвхижиж, амжилт, үр дүн гаргах нь ихэсдэг.
Эндээс бидэнд ажлын байран дах сөрөг стрессийг хэрхэн ямар арга замаар эерэг стресс өөрөөр хэлбэл давуу тал болгон хувиргах вэ гэсэн асуулт гарч байна.

Байгууллагын ажилтнуудын дотор дистресс бий болох дараах стрессорууд байдаг. Үүнд:

  • Маш хатуу хариуцлага дагалдсан ажлын гүйцэтгэлийн богино хугацаа байгууллагын ажилтанд алдаа гаргаж, ажлаасаа халагдах эсвэл цалингаа хасуулах мэдрэмжийг бий болгодог. Ийм мэрдэмжийг харьцангуй урт хугацаанд тээж буй ажилтан дистресст автдаг байна:
  • Байгууллага дах ажилтны ажил албан тушаалын тодорхойгүй байдал (халагдах эсвэл удаан хугацаанд нэг албан ажил дээр тогтож байх)дистресс үүсгэдэг:
  • Ажил мэргэжлийн шаардлагад ажилтан хүн өөрт байгаа нөөц боломжоо нийцүүлэх явцад дистресс үүсдэг:
  • Байгууллага, хөдөлмөрийн хамт олны доторх сэтгэл зүйн таагүй уур амьсгал:
  • Мэдээлэл, технологийн ололт дэвшилтэй холбоотойгоор ажилтны зан чанарт өөрчлөлт орох:
  • Цагийн менежменттэй холбоотойгоор.

Сэтгэл хөдлөлөө удирдаж сурах, өөрийн боломжоос хэтэрсэн зүйл хийхгүй байх, үргэлж инээж байх, өөрт тулгарсан асуудлаа бусадтайгаа хуваалцах, хөдөлгөөн сайн хийж байх, зөв хооллох, ажил, амралтыг зөв хослуулах гэх мэтийг дистресс тайлах шалгарсан аргад тооцдог.

Ажлын байран дах стрессийг зөв удирдаж чадвал хүний ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлж, хувийн зохион байгуулалт, ажлын байран дах ажилчдын хоорондын харилцаа зэргийг эрс өөрчлөх боломжтой болдог.
Дистресс бий болоход нөлөөлж буй хүчин зүйлс:

  • Гадаад хүчин зүйл;
  • Байгууллагаас хамаарсан хүчин зүйл;
  • Ажилтнаас өөрөөс нь хамаарсан хүчин зүйл.

Дистрессэд нөлөөлдөг гадаад хүчин зүйлсэд улс орны эдийн засгийн уналт, улс төрийн тогтворгүй байдал, инфляци, дифляци, ажилгүйдлийн өсөлт, гэмт хэргийн өсөлт, амьдралын таагүй орчин зэрэг багтана.

Харин байгууллагаас хамаарсан хүчин зүйлд хөдөлмөрийн хамт олон дах таагүй уур амьсгал, ажлын байран дах чиг үүргийн тодорхойгүй байдал, удирдлагын хэв маяг (захиран тушаах эсвэл ярилцаж хамтрах гэх мэт), ажлын байрны нөхцөл зэргийг хамруулдаг.

Ажилнаас өөрөөс нь хамаарсан хүчин зүйлд хувийн амьдралын асуудлууд, тухайн ажилтны зан чанарын онцлог шинж зэргийг багтаан үздэг.

ОХУ-ын судлаач Татьяна Александровская ажлын байран дах дистрессийг багасгах 15 аргачлалыг санал болгосон байна. Үүнд:

  • Нөхцөл байдлаа бодотойгоор ухамсарлах: Асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүй байх, аль болох бодотой үүссэн нөхцөл байдлыг харах гэж хичээх хэрэгтэй.
  • Үүссэн нөхцөл байдлаас хэрхэн гаргах талаар өөртөө төлөвлөгөө зохиох:
  • Ирээдүйд юу хүсч байгаа эсвэл юу хийхийг хүсч байгаа талаараа бусад хүмүүстэй ярилцахаас бүү цааргла:
  • Үүссэн нөхцөл байдалтай чинь адил зүйл урьд, өмнө нь амьдралд тань тохиолдож байсан эсэх, хэрхэн гарахыг оролдож байснаа эргэн санах хэрэгтэй:
  • Хичнээн ажил ихтэй байсан ч өөрийгөө амрааж байх эсвэл дуртай зүйлээ хийж байх цаг зав өөртөө гаргах хэрэгтэй:
  • Хичнээн хүнд хэцүү үе байсан ч өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэлээ бүү сулруул:
  • Ажлын байран дах дистрессийг тайлах хамгийн үр дүнтэй арга нь буруугаа хүлээн зөвшөөрч сурах мэдрэмж юм:
  • «Надад тулах цэг өгчих. Тэгвэл би дэлхийг эргүүлье» хэмээх Архимэдийг дүрмийг амьдралдаа зарчим болгож мөрдөх:
  • Юмыг урьдчилан харах эсвэл тааварлах зөн, мэдрэмжтэй байх:
  • Өөрт ахадсан ажлаа зөнгөөр нь орхиж сур:
  • Хойш ухарахаас бүү эмээ:
  • Эргэн тойрны чинь хүмүүс ямар бодол тээж байгаа бол гэдэгт бүү анхаар:
  • Илүү эрч хүчтэй, бүтээлч байж сур:
  • Хичнээн хүнд ажил хийгээд үр дүн гарахгүй бол бүү цухалд, зүгээр өөртөө амралт өгч сур:
  • Амьдралыг гэнэтийн бэлэг, санаанд оромгүй учрал гэж бодож сур.

Энэ бүгдээс гадна бусадтайгаа хамтарч ажиллах, ноогдсон ажлаа нарийн төлөвлөж байх, бусдын санаа бодлыг ажлын байрандаа бүтээлчээр хэрэгжүүлэх, харилцааны чадвараа хөгжүүлэх, тайм менежменттэй байх, ажлын байран дах амралтын цагийг үр дүнтэй өнгөрөөх зэрэг нь ажлын байранд ажилтан хүн дистресст автахгүй байхад тустай гэсэн санааг сэтгэл зүйчид зөвлөдөг байна.
Дистрессийг багасгах, эустресс бий болгох хамгийн үр дүнтэй арга нь байгууллагын ажилтан бүр «би менежмент»-тэй байх явдал юм.

Гадаад, дотоод орчны таатай, таагүй нөлөөллөөр амьд биетийн цусанд адреналин их хэмжээгээр ялгарах бөгөөд үүнийг Селье «стрессийн гормон» гэж нэрлэжээ. Хувь хүний зан байдал, биеийн онцлогтой уялдан стрессийн гормон харилцан адилгүй байдлаар илэрдэг. Стресс сөрөг утгаар илэрвэл олон янзын хөнөөлт өвчний эх үүсвэр, үүсгэгч хүчин зүйл болдог. Их хэмжээний адреналин ялгарч гормоны тогтолцоо алдагдах нь хүний үхлийн аюул авчирч болох юм. Тиймээс аливаа амьд биетэд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж дархлаа үүсгэж байх хэрэгтэй. Стрессээс бүрэн ангид амьд биет байдаггүй. Ангид байх цорын ганц агшин бол үхэл юм.

Стрессээс хүн айх хэрэггүй. Хайрлах, дурлах, ханамж авах, бүтээх, туурвих, бусдыг үзэн ядах, гуниж гутрах, уйлж дуулах бүгд стрессээс үүдэлтэй. Хэрэв стресс үгүй бол амьдрал утгагүй болох билээ. Ингэхлээр, сөрөг утгатай стрессийг тайлж чаддаг, эерэг утгатай стрессийг өөртөө бий болгох тэр чадварыг хүнд суулгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүнд стресс менежмент зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр хүн урт удаан наслах, баяр бахдалыг мэдрэх, бүтээл, эрч хүчтэй байх бүрэн боломжтой болдог.

Эх сурвалж: Улс төр судлаач Нямаагийн Отгонбаяр