Н.Очирбат

Н.ОЧИРБАТ: ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДААНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА

1–р зурагт хүний үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх “Швейцарь бяслаг” загвар (Ж.Рийсон. 1990)–ыг зохиогч нэмэлт тайлбартайгаар үзүүлэв. Уншигч та бүхэн тус зургийг агуулгын хувьд сайтар ажиглан ослын суурь шалтгаанууд юу болох, ямар шалтгаануудыг тайлбарлахыг оролдсон болох тухайд анхаарлаа хандуулна биз ээ.

1–р зураг. Хүний үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх “швейцарь бяслаг” загвар

2–р зурагт аюулын хүчин зүйл, түүний суурь шалтгааныг илрүүлж дүн шинжилгээ хийх суурь элементүүдийн төрөл, ангиллыг дүрслэн үзүүлэв.

2–р зураг. Аюулгүй ажиллагааны суурь элементүүдийн бүтцийн схем

Барилга угсралт, цахилгаан, сантехникийн угсралт, засал зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг гүйцэтгэж буй ажилтны аюултай, буруу үйлдлээс үүдэн гарч буй зөрчлийн суурь шалтгааныг хэд хэдэн зарчимд тулгуурлан тодорхойлох нь зөрчлийг тоон хэмжээгээр нь бууруулах, улмаар төрлөөр нь тэглэж аюулгүй ажиллагааны соёлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь судалгаанаас харагдаж байна. Эдгээр зарчмуудаас 3 тулгуур зарчмыг дор танилцуулъя.

Нэгдүгээр зарчим

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧЛИЙГ БҮХ ШАТНЫ
АЛБАН ТУШААЛТАН ГАРГАДАГ

Хүний аюултай, буруу үйлдлийн суурь шалтгаануудын нэг нь ажилтныг бүтээмжтэй, аюулгүй ажиллагаанд өдөөх чухал хөшүүрэг болох сэдэлжүүлэлттэй (мотиваци) холбоотой шалтгаан болно.

Аж ахуйн нэгж, байгууллагад сэдэлжүүлэлтийг хэдий өндөр түвшинд, эсвэл олон удаа хийсэн ч тэнд:

ажилтныг аюулгүй ажиллагаанд сургаж дадлагажуулах тогтолцоо нь алдаатай, эсвэл тогтолцоо бүрдээгүй,

мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх тогтолцоо нь алдаатай, эсвэл тогтолцоо бүрдээгүй бол хүний аюултай, буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй зөрчлийг бууруулах боломж хязгаарлагдмал юм.

Тэгэхээр ажилтны аюултай, буруу үйл ажиллагаанаас үүдэн гарах зөрчлийг тэглэх олон талт асуудлуудын нэг нь дээрх хоёр тогтолцоог бүрдүүлснээр шийдвэрлэгдэх боломжтой.

Олон талт асуудлууд хэмээдгийн учир нь туршлагатай, эсвэл шинэ, залуу ажилтан хэн ч байсан технологийн горим, аюулгүй ажиллагааны заавар хэмээх өөрийнхөө “судрын” заалтуудыг сайтар мэддэг хэдий ч тэдгээрийг ажлын байрандаа бүрэн хэрэгжүүлж “номын хүчийг оршоох” дадалд бүрэн төлөвшөөгүй л бол аюулгүй ажиллана гэдэг нь эргэлзээтэй байдаг болохыг хэлж байгаа юм.

Шинэ ажилтны танхимын сургалт, дадлагын ажлаар олж авсан мэдлэг, чадвар, дадал нь байгууллагын дотоод соёл, ажлыг гүйцэтгэх тогтсон арга техниктэй нийцэх нь ч цаг хугацааны асуудал байдаг.

Дээрх дүгнэлтүүдээс үзвэл хүний гаргасан алдаа, зөрчил бүрийн цаана суурь шалтгаан байдаг болох нь харагдаж байна. Иймд ХАБЭА–н ажилтан ажилтнуудынхаа алдаа, зөрчил гаргахад нөлөөлсөн, нөхцөлдүүлсэн хүчин зүйлсийг тодорхойлох нь урьдчилан сэргийлэх хамгийн чухал ажил мөн болно.

Хоёрдугаар зарчим

АЖИЛТНЫ ГАРГАСАН АЛДАА, ЗӨРЧИЛ БОЛ АЛИВАА ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮР ДҮН БӨГӨӨД ТЭДГЭЭР НӨЛӨӨЛЛИЙГ НЭН ТҮРҮҮНД БАЙГУУЛЛАГЫН
СОЁЛООС “ХАЙХ” НЬ ЧУХАЛ

Зохиогчийн дүгнэж байгаагаар ажилтны гаргасан алдаа, зөрчил нь:

  • байгууллагын аюулгүй ажиллагааны тогтолцоонд сөрөг нөлөө учруулахуйц шалтгаан биш,
  • харин тогтолцооны алдаа нь ажилтны гаргах алдаа, зөрчлийн суурь шалтгаан болдог.

Практикт ажилтны санамсаргүй гаргасан алдаа (сэтгэл хөдлөлийн улмаас буруу үйлдэл хийх г.м) маш цөөхөн тохиолддог. Харин болгоомжгүй үйлдлийн улмаас, эсвэл дүрэм, журам, заавар, технологийн горимыг мэдсээр атлаа гаргасан алдаа, зөрчлийн суурь шалтгааныг:

  • ашигладаг машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл;
  • гүйцэтгэх ажлын онцлог шинж чанар;
  • байгаль цаг уурын нөхцөл;
  • хөдөлмөрийн нөхцөл;
  • байгууллагын удирдлага зохион байгуулалт;
  • хамт олны дотоод уур амьсгал

зэрэг олон хүчин зүйлээс хайх нь зүйтэй.

3–р зураг. К.Исикавагийн “Загасны нуруу” диаграммаар шалтгаан ба үр дагаврын шинжилгээ хийх нь

Эдгээр хүчин зүйлийг бүлэглэн үзэж болно. Энэ тохиолдолд ХАБЭА–н ажилтан Та Токиогийн их сургуулийн профессор Каору Исикавагийн (1915…1989) 1952 онд (зарим эх сурвалжид 1943 он) боловсруулсан шалтгаан ба үр дагаврын шинжилгээ хийх аргыг ашиглаж болно (3–р зураг).

Мөн “5 яагаад”, “Шалтгааны мод” зэрэг аргуудыг судлан судалгаандаа ашиглаж болно. “5 яагаад” аргаар тасдагчаар ажил гүйцэтгэж байсан ажилтны уруул зүсэгдсэн шалтгааныг тогтолцооноос хайсан жишээг дор үзүүлье (4–р зураг).

4–р зураг. “5 яагаад” аргаар ослын суурь шалтгааныг тодруулсан жишээ

4–р зургаас үзвэл “5 яагаад” буюу 5 асуултаар шалтгааныг тодруулаагүй боловч Та бүхэн аргачлалд гол анхаарлаа хандуулаарай.

Зөрчил гарахад нөлөөлөх хүчин зүйл нь аюулыг нэмэгдүүлэх хүчин зүйл мөн бөгөөд энэ нь ажлын орчин, ажлын байрны нөхцөлтэй шууд холбогдоно. Үүнийг нөгөө талаас “аюулыг нэмэгдүүлдэг шалтгаан” гэж нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл, ажилтны аливаа үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны үр дүн хамаардаг бөгөөд түүнийг “шалтгаан ба үр дагавар”, “үйлийн үр” зэргээр тайлбарлаж болдог гэдгийг манай уншигчид санахад илүүдэхгүй.

Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал хүний аюулгүй ажиллагаатай холбогдож болох 300 гаруй зүйр үгийг монголчууд бүтээсэн байх бөгөөд тэдгээрээс дурдвал, “Долоо хэмжиж Нэг огтол”, “Буруу замаар будаа тээвэл Буцахдаа шороо тээнэ”, “Яарвал даарна”, “Сайн явах санааных”, “Буруу ишилсэн сүх шиг”, “Өөдөө хаясан чулуу Өөрийн толгой дээр”, “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх”, “Хүн хэлээрээ Мал хөлөөрөө”, “Муу нуухаар Сайн илчил”, “Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол”, “Уйлах хүүхдийн хошного Урд өдрөөсөө умалзана”, “Үг хэдий гашуун ч явдалд тустай”, “Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргино”, “Санаа зөв бол Заяа зөв”, “Хүн хэлэхээс наашгүй”, “Уур биеийг зовооно Уул морийг зовооно”, “Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ”, “Эрхийг сурахаар Бэрхийг сур” гэх мэт.

Шигтгээ.
“Биеэ засаад
Гэрээ зас
Гэрээ засаад
Төрөө зас” хэмээх монгол ардынхаа зүйр цэцэн үгийг аюулгүй ажиллагааг хангах сургааль болохынх нь тухайд тайлбарлахыг оролдъё. Зохиогч нийт 143 зүйр цэцэн үгийг аюулгүй ажиллагааны сургааль болох талаас нь тайлбарлаж бичээд байгааг дурдсу.

Ерөөс, нэгэнт зан төлөв, ааш араншин тогтчихсон хүний хандлагыг өөрчилнө гэдэг маш хүнд, урт хугацааны ажил мөн. “Хандлагаа өөрчилцгөөе!” гэж хэдэн ч удаа лоозон тавиад, ажил зохион байгуулсан ч алга урвуулахын дайтай хүн өөрчлөгддөггүй. Харин хугацааг наашлуулахын тулд монгол хүний сэтгэхүйд нийцсэн уламжлалт хүмүүжил, төлөвшлийн сургааль – зүйр цэцэн үг, ертөнцийн 3 зэргийг ашиглаж зааварчилгаа өгөх хэлбэр үр дүнтэй болох нь сүүлийн 6 жилийн туршлагаас ажиглагдаж байна.

“Нарны гэрэл дэлхийд тусахдаа хүмүүнийг ялгаж тусдаггүй, хойшоо харж байрласан агуй сүүдэртэй, харанхуй байгаа нь нарны буруу биш, агуйн буруу” зэрэг олон зүйрлэл бий. Энэ нь хүн бүрт зөв ажиллах арга барилд суралцах, дадах, улмаар төлөвших боломж нээлттэй болохыг хэлээд өгч байна. Бусдаас өөрийнх нь төлөө зүрхээ чилээж боловсруулсан аюулгүй ажиллагаанд төлөвшүүлэх ном, гарын авлагыг мэдээлэл нээлттэй байх болсон энэ цаг үеийн боломжид тулгуурлан уншиж, судлахгүй, өөрийгөө хөгжүүлдэггүй, “бахь байдгаараа” яваад байгаа хүмүүс олон байна. Энэ нь манай нийт ХАБЭА–н ажилтнуудад ч хамаатай. Хүмүүний бусад төрлийн амьтнаас ялгарах ялгамжаа нь оюун ухаантайд оршдог гэдгийг мэдсээр атал өнөөдрөөрөө яваад байвал өт хорхой, шавьжнаас ялгарах юмгүй болчихож байгаа юм даа!!! Өт хорхой, шоргоолж хүртэл өндгөө гаргаад, үүрээ бариад амьдарчихдаг шүү дээ…!!! Нэгэнт ухаант хүний биеийг олж төрчихөөд өөрийгөө хөгжүүлэхгүй яваад байгаа хүнийг “Найман гишүүн төгөлдөр далайн эрэгт оччихоод ус ууж чадалгүй ангаж цангаж үхсэнтэй ялгаагүй” гэж зүйрлүүлбээс хатуудахгүй л болов уу.

Нөгөө талаас ХАБЭА–н ажилтнуудад бас нэг алдаа байх шиг ажиглагдаад байдаг болно. ХАБЭА–н ажилтнууд ажилчиддаа сургалт хийхдээ “Чи гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгаа тул дүрэм, журмаа мөрдөж аюулгүй ажиллах ёстой!” гэж хэлээд байдаг нь зөв авч “углуургаар нь” бодвоос буруу болох гээд байна. Үүнийг “шүтэн барилдлага”, “шүтэлцээ”, “уялдаа холбоо” гэдэг агуулгын талаас нь тайлбарлахыг оролдъё. Өөрөөр хэлбэл голын бургасыг огтлоод дуусгачихвал гол ширгэж, хамаг амьтан усаар ангаж цангах эрсдэлтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл “Чи гэр бүлийнхээ төлөө ажиллаж байгаа тул дүрэм, журмаа мөрдөж аюулгүй ажиллах ёстой!” гэдэг “сургааль – зөвлөгөө” маань ажилчныг “Эго” буюу “Би” хэмээх үзэл рүү хөтлөөд байх шиг байна. Ажилчин гэр бүлийнхээ төлөө аюулгүй, зөв ажиллаваас үр хүүхэд нь аз жаргалтай байх хийгээд өөрөө ч гэр бүлийнхээ гишүүн мөн болохын хувьд хүүхдүүдийнхээ аз жаргалаас шүтэн барилдаж жаргах үүд нээгдэнэ. Энэ үр дүн бол “Миний гэр бүл л сайхан байвал боллоо” гэдэг хандлага руу хөтлөөд байгаа бололтой шүү! Харин байгууллага, хамт олныхоо төлөө алдаа, зөрчил гаргалгүй, аюулгүй, зөв ажиллаж чадваас, ажилтан бүр хичээвээс байгууллагын үйл ажиллагаа тогтвортой байж, хамт олноороо элбэг дүүрэн ажиллаж, амьдрах болно гэдэг агуулгыг барих хэрэгтэй юм билээ. “Нэг нь нийтийн төлөө, Нийт нь нэгийн төлөө” гэдэг монгол ардын маань зүйр үгийн философи ч “Би” биш “Бид” хэмээх оршихуйн зөв үзлийг номлосон байна шүү дээ!!!

Алдаа, зөрчлийн статистикт тулгуурлан шалтгааныг судлан тогтоосны дараа үр дагаврыг тодорхойлох нь шалтгаан–үр дагаврын хоорондын уялдааг мөн чанараар нь хангах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэлийг үнэлэх нэг хэлбэр болно.
Гэвч шууд шалтгааныг арилгах нь цаашид үүсч мэдэх үйл явдлыг арилгах баталгаа биш юм. Тухайлбал, аливаа машины доголдсон эд ангийг орлуулан тавьж засварлах нь тухайн эд ангийн хамаарагдах системийн (түлшний систем, асаалтын систем г.м) найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Үйл ажиллагааны тухайн шатанд үр дагавар хэмээн тодорхойлсон зүйл дараагийн шатанд ажилтны гаргах алдаа, зөрчлийн шалтгаан болж болдгоос үзвэл аливаа үйл ажиллагаа, түүний үр дүн нь шалтгаан – үр дагаврын холбооны гинжин хэлхээнд суурилдаг байна.

Суурь шалтгааны судалгаагаар шалтгаан – үр дагаврын гинжин хэлхээний төгсгөлийн цэгийг тодорхойлж, түүнийгээ алдаа, зөрчлийн үндсэн, суурь шалтгаан хэмээн тайлбарлах явдал байдаг. Энэ цэг нь суурь шалтгааны судалгааны хамгийн маргаантай зүйл учир суурь шалтгааныг таамаглалын түвшинд илрүүлж байна гэж үзэх үндэстэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, таамаглалын түвшинд илрүүлсэн суурь шалтгаанууд нь ирээдүйд гарч болох таагүй үйл явдлаас зайлсхийж болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаатай ижил зүйл мөн.

Иймд ХАБЭА–н ажилтнууд дэвшүүлсэн санаагаа таамаглал гээд орхилгүй, харин түүнийг нотлох шаардлагатай. Нотолгоо хийх тулгуур үзүүлэлт нь ХАБЭА–н ажилтны өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад цуглуулсан статистик мэдээлэл байна. Статистик мэдээлэлдээ тулгуурлан суурь шалтгааныг арилгах, түүний үр дагавар буюу ялангуяа давтамж өндөртэй, эсвэл цөөн тоогоор гардаг ч хохирол нь өндөр үр дагаварт хүргэдэг шалтгааныг нэн тэргүүнд устгах тактикийг баримтлах нь зүйтэй байж болно. Эсвэл таамаглалаа няцааж, шинэ таамаглал дэвшүүлж болох талтай.
ХАБЭА–н ажилтнууд дэвшүүлсэн таамаглалынхаа үр дүнг мөн үйл ажиллагааны статистик мэдээллээр нотлох хэрэгтэй.

5–р зурагт аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны түвшин бүрт харгалзах ажлын даалгаврын агуулга, түүнийг хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн шаардлага, арга хэрэгсэл, арга барил, ялангуяа хүний үйл ажиллагаанд нөлөөлж, аюултай, буруу үйлдэл хийх нөхцөлд хүргэдэг хүчин зүйлсийг үзүүлэв.

5–р зураг. Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксономийг Ерөнхий удирдлага; Үйл ажиллагааны зохион байгуулалтын удирдлага; Үйл ажиллагааны гүйцэтгэлийн удирдлага; Ажлын даалгавар ба агуулга; Ажилтан гэсэн 5 бүлэгт ангилан 1–р хүснэгтэд үзүүлэв.

1–р хүснэгт

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксоном

Хүний үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс бүр өөрийн илрэх шинж тэмдгийг агуулна. Тухайлбал:
“5.2.3. Хүний мөн чанар” хүчин зүйл:

  • Стресс (ойлголт, анхаарал, ой санамж, сэтгэлгээнд сөрөг нөлөөлнө);
  • Зуршил (цаг хугацааны явцад тогтсон ажлыг гүйцэтгэх хувийн арга барил);
  • Сэтгэл ханамж / Тайван байдал
  • Итгэл үнэмшил
  • Ажлын нөхцөл байдалд нийцүүлэн эрсдэлийг үнэлэх
  • Ой санамж, анхаарал, сэтгэлгээний хурдыг хязгаарлах нөхцөлүүд.

“4.1.2. Ажлын даалгаврын онцлог”:

  • Ажлын цаг;
  • Ажил гүйцэтгэх хугацаа;
  • Ажлын цагийн хүрэлцээ (удирдлагаас ажлын төлөвлөгөөгөөр шахах);
  • Ажил саатах / Анхаарал сарних;
  • Хүндрэл бэрхшээл / Хариуцлага;
  • Шинэлэг зүйл.

Гуравдугаар зарчим

АЮУЛТАЙ, БУРУУ ҮЙЛДЛЭЭС ҮҮДЭН ГАРДАГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ТЭДГЭЭР ҮЙЛДЛИЙН ТООГ БУУРУУЛАХ, ТЭГЛЭХ, БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ТОГТОЛЦООГ ХЭВИЙН “АЖИЛЛУУЛАХ” БҮХ СТРАТЕГИЙГ ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨХ

Ажилтныг зөрчил гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс нь ажилтны алдаанаас үүдэх эрсдэлийн хүчин зүйлс мөн болно (6, 7–р зураг).

6–р зураг. Ажилтны алдаанаас үүдэх эрсдэлийн загвар ба түүнийг бууруулах стратеги

7–р зураг. Ажилтны алдаа, зөрчлийн ерөнхий траектори (Keith C.Hendy, 2003)

Хүний аюултай, буруу үйлдлийн эрсдэлийн загвар (6, 7–р зураг) болон R = P(x)хЧ P(y)хЧ P(z) томъёоноос хүний аюултай, буруу үйлдэл, түүнээс үүдэх таагүй үйл явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах 3 чиглэл бүхий стратегийг хэрэгжүүлэх нь нэн чухал гэж дүгнэж болохоор байна. Үүнд:

  1. Хүний аюултай, буруу үйлдлийн тоог багасгах (хүний алдааны тоог хамгийн бага болгож бууруулах);
  2. Таагүй явдал гарах нөхцөлийг хязгаарлах (хүний аюултай, буруу үйлдлээс үүдэлтэй таагүй үйл явдлын тоог хамгийн бага болгож бууруулах);
  3. ХАБЭА–н тогтолцооны тогтвортой, жигд байдлыг хангах (Хүний гаргадаг алдаанаас үүдэлтэй таагүй үйл явдлын үр дагаврын ноцтой байдлыг хамгийн бага байлгах).

Нэгдүгээр стратеги.

ХҮНИЙ АЮУЛТАЙ, БУРУУ ҮЙЛДЛИЙН ТООГ БАГАСГАХ
(Хүний алдааны тоог хамгийн бага болгож бууруулах)

Энэ чиглэлээр тодорхойлж боловсруулсан стратегиуд нь ажилтныг аюултай, буруу – алдаатай үйлдэл хийхэд нөлөөлж болох хүчин зүйлсүүдэд нөлөөлөх, өөрөөр хэлбэл ажилтны аюултай, буруу үйлдлийн тоог бууруулах зорилготой.

Иймд энэ стратеги нь ажилтны үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлж үйл ажиллагааныхаа явцад гаргах алдааны магадлал (P(x))–ыг бууруулахад чиглэнэ.

Ерөнхийд нь ажилтныг ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төлөвлөж хэрэгжүүлэх стратеги хэмээн үзэж болно.
Нөлөөлөх хүчин зүйлсийн ангилал зүй (таксономи)–н (1–р хүснэгт) дагуу энэ стратегийн жишээг дурдъя. Үүнд:

  • Ажилтанд тодорхой үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэгийг олгож, чадварыг суулгаж, улмаар дадуулан төлөвшүүлэх маш хариуцлагатай, олон талт үйл ажиллагааны бүрэлдэхүүнд заавал мөрдөх – зөрчиж үл болох ажлын үед шатууд, тэдгээрийг гүйцэтгэхэд ажилтны өөрийн нь гаргаж болзошгүй алдаа, алдаа гаргаснаар үүсэх хохирол, үүсч байсан хохирлын түүх (статистик) заавал багтах шаардлагатай (5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт);
  • Ажилтныг ажлын бэлтгэл ба төгсгөлийн хийгээд үндсэн үе шатанд хийгдэх хамгийн хариуцлагатай – чухал үйлдлийг аюулгүй, зөв гүйцэтгэх арга зүй (заавар, журам, журмын хавсралтууд)–ээр зайлшгүй хангах шаардлагатай бөгөөд байгууллагын удирдлагын баталсан тодорхой нууцлалын зэрэг бүхий эдгээр албан баримт бичиг (заавар, журам, журмын хавсралтууд) нь бүрэн агуулгыг хамарсан, ялангуяа бодит эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан боловсруулагдсан, товч бөгөөд тодорхой, олон улс, улс, салбарын хэмжээнд мөрдөх баримт бичгүүдтэй бүрэн нийцсэн байна (4.1.1. Төлөвлөлт ба гүйцэтгэлийн баримт бичиг – Баримтжуулалт);
  • Ажлын орчинд гэрэлтүүлэг хангалттай, шуугиан, доргионы хэмжээ, нөлөөллийг бууруулж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх (4.3.1. Үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйл);
  • Заавал мөрдөх – зөрчиж үл болох ажлын үед шатууд, тэдгээрийг тодорхой нөхцөлд гүйцэтгэх дэс дарааллыг ажилтанд зааж өгөх, мөрдүүлэхдээ байгууллагадаа тогтсон туршлагад тулгуурлах (1.2.3. Үйл ажиллагааны туршлага, тогтолцоо; 3.1.3. Ажлын уулзалт, зааварчилгаа);
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмын засвар, техникийн үйлчилгээнд аюулгүй ажиллагааны хяналт тавих, тоног төхөөрөмжийн засварлагдах чанар (4.3.3. Тоног төхөөрөмжийн засварлагдах чанар);
  • Ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, дадлага, туршлага нь гүйцэтгэж буй ажлын техникийн даалгавар, агуулгыг хангах эсэхэд дүгнэлт хийж, нийцтэй байдлыг нь хангуулах (3.1.1. Ажлын даалгавар, ажилтнуудад дүн шинжилгээ хийх);
  • Ажлыг төлөвлөх шатанд ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, дадлага, туршлагын боломжит дээд хязгаарыг бодитой үнэлэх (2.1.1. Ажлыг төлөвлөх, бэлтгэл хангах);
  • Ажилтны үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлж үйл ажиллагааныхаа явцад гаргах алдааны магадлалыг бууруулах зорилгоор мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалт, давтан сургалтыг зохион байгуулах (1.3.3. Ажилтны бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшлыг хангах; 5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт).

Ажилтныг алдаатай, буруу үйлдэл хийхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодорхойлж, задлан шинжилгээ хийн дүгнэлт гаргахдаа үйл ажиллагааны явцад ажилтанд нөлөөлсөн, нөлөөлдөг гадаад, дотоод шалтгааныг заавал тооцох ёстой.

Хэдийгээр ажил олгогч нар ажлын байрны хамгийн аюулгүй, тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж, ХАБЭА–н тухай хуулиар хүлээсэн үүргээ тодорхой түвшинд биелүүлсэн байдаг ч (материаллаг хийгээд оюуны нөөцийг бүрдүүлж) ажилтны сэтгэлийн дотоод хүчин зүйлийг бүрэн хянах боломж хязгаарлагдмал байдаг нь үнэн.

Тухайлбал, нэгэн ажилтан ажилдаа ирээд ХАБЭА–н шаардлага хангасан ахуйн түр байрандаа хувцсаа сольж өмсөж байгаад гэнэтийн сэтгэлийн хэт их цочролын улмаас ухаан алдан унаж толгойндоо гэмтэл авсан гэж төсөөлөөд үүнээс дүгнэлт хийвэл:

  • хөдөлмөрийн аюулгүй нөхцөл зайлшгүй зүйл бөгөөд түүнийг ажил олгогч хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу бүрдүүлсэн байж болох боловч,
  • тэр нь ажилтны аюулгүй байдлыг хангахад хүрэлцэхүйц байж чаддаггүй байна.

Тэгвэл ажил олгогч яах ёстой вэ? Ахуйн түр байрны шалан дээр чөлөөт бөхийн барилдааны зузаан (мөн зөөлөн) матрас дэвсэх хэрэгтэй юу?
Зохиогчийн үзэж буйгаар осолд орсон ажилтан, түүний удирдах ажилтны мэдлэг, боловсролын түвшин, туршлага, зан төлөв, бие бялдрын ба сэтгэл зүйн төлөв байдал, хамт олны дотоод уур амьсгалаас ослын шалтгаан багагүй хэмжээгээр хамаардаг байж болох юм.

Энд мөн зохиогчийн “олж харсан”, магадгүй алдаатай байж болох нэг жишээг дурдъя. Энэ нь үнэхээр алдаа мөн болохыг зохиогч хэд хэдэн онол, үзэл баримтлалд тулгуурлан нотолж Монгол улсын ХАБЭА–н тухай хуульд оруулах өөрчлөлтийн саналууддаа тусгачихсан болохыг дурдсу. Ингээд мөнөөхөн “олж харсан” жишээтэй танилцацгаая.

Хүний үйл ажиллагааны сөрөг үр дагавартай холбоотой бий болсон экологийн, байгалийн, антропогенийн, эргономикийн, нийгмийн зэрэг олон аюулыг бууруулах, дахин давтахгүйн тулд, ялангуяа үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд “Хүний хүчин зүйл”–ийг аюулгүй ажиллагааны төлөвлөлт, хэрэгжүүлэлтэнд зайлшгүй харгалзан үзэх шаардлага манай улсын хувьд нэгэнт бий болжээ.

Манай улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.17–д “Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ” хэмээн тодорхойлж, энэхүү тодорхойлолтод хүний хүчин зүйлийг, ялангуяа хамт олны дотоод уур амьсгалын орчин, аюулгүй ажиллагаанд дадаж, төлөвшсөн байх ажилтны ёс суртахууны хийгээд хуулиар хүлээсэн үүргийг тооцож үзээгүй байгаа нь өнгөрсөн зууны “Үнэмлэхүй (төгс) аюулгүй байдлын үзэл баримтлал”–ыг бид хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсээр байгаа юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүргэж байна.

8–р зураг. Аюултай нөхцөл, аюултай үйлдлийн хэлбэр, шинж байдал

Хоёрдугаар стратеги.

ТААГҮЙ ЯВДАЛ ГАРАХ НӨХЦӨЛИЙГ ХЯЗГААРЛАХ
(Хүний аюултай, буруу үйлдлээс үүдэлтэй таагүй үйл явдлын
тоог хамгийн бага болгож бууруулах)

Энэ стратеги нь ажилтан ажлаа гүйцэтгэх бэлтгэлээ хангачихсан, өөрөөр хэлбэл зэхэлтээ хийчихсэн, зааварчилгаагаа авчихсан, ажлын хувцас, гутал, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, багаж хэрэгслээ бүрдүүлчихсэн бөгөөд дурдсан зэхэлтүүдийг хийхдээ ямар нэгэн байдлаар алдаатай үйлдлийг гаргачихсан (тухайлбал, металл тасдагчийн ирний хамгаалалт байхгүй, эсвэл нүүрэвч байхгүй гэх мэт) байх үе шатанд нь ажлыг зогсоож, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизм, эд материалаа ашиглаж ажлынхаа үндсэн процессыг гүйцэтгэж эхлэхээс нь өмнө (аюулыг даамжрахаас нь өмнө гэж тайлбарлаж ч болно) таагүй үр дүнд хүрэх (эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, бизнесийн нэр хүнд) “таатай” нөхцөлийг хязгаарлахад чиглэнэ.

Томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд машин техникийнхээ засвар, техникийн үйлчилгээнд баталгаат засварын систем, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засварын систем, үечилсэн систем, шаталсан системүүд, агрегат–зангилгааны арга, дагнасан аргаас оновчтойг нь сонгон үйл ажиллагаагаа зохион байгуулдаг боловч нэгэнт энэ ажилд хүний оролцоо байгаа ахул хүний алдаа оршсоор л байх болно. Иймд хүний алдааг илрүүлэх хяналтын механизмыг энэхүү хоёрдугаар стратегийн зорилгыг биелүүлэхэд ашиглана.

Мөн хүний алдааг илрүүлэх хяналтын механизмыг засвар, техникийн үйлчилгээ хийгдсэний дараа ч хэрэгжүүлнэ.

Энэ стратегийг зөв хэрэгжүүлснээр ажилтны үйл ажиллагааныхаа явцад гаргах алдааны магадлал (P(x))–ыг бууруулах зорилгоор хийгдэх хяналт, шалгалтын найдвартай байдлыг дээшлүүлж ажилтны гаргадаг алдаанаас үүдэлтэй таагүй явдлын тохиолдох магадлал (P(y))–ыг бууруулах болно. Үүнээс үзвэл P(y) буюу хүний гаргадаг алдаанаас үүдэлтэй таагүй үйл явдлын тохиолдох магадлалыг илэрхийлнэ.
Нөлөөлөх хүчин зүйлсийн ангилал зүй (таксономи)–н (1–р хүснэгт) дагуу энэ стратегийн жишээг дурдъя. Үүнд:

  • Ажилтны бие даасан ажиллагаа, ялангуяа ажлыг аюулгүй гүйцэтгэх технологийн карт, заавар, журмыг хэрэгжүүлж буй байдал өөрөөр хэлбэл дурдсан албан баримт бичгүүдийн мэдлэг, мэдлэгээ ажил хэрэг болгох чадвар, мөн дадал хэвшил, нөгөө талаас хэрэгжилтэд тавих хяналт, шалгалт (5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт);
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмын ашиглалтын (сонгох, нийлүүлэх, угсрах, ашиглах, техникийн үзлэг, үйлчилгээ, засвар) зохион байгуулалтын чанарыг хангах зорилго бүхий хяналт, шалгалтын ач холбогдлыг ажилчдад таниулах, ойлгуулах (5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт);
  • Тоног төхөөрөмж, машин, механизмын угсралтыг чанартай зохион байгуулах зорилго бүхий хяналт, шалгалтын ач холбогдлыг ажилчдад таниулах, ойлгуулах (5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт);
  • Ажил гүйцэтгэлийн чанарыг хангуулах зорилго бүхий хяналт, шалгалт (3.2.2. Ажил гүйцэтгэлийн хяналт);
  • Ажил гүйцэтгэлийн чанарыг хангуулах зорилго бүхий хяналтын ажилтнуудыг томилох, сургаж бэлтгэх (2.1.1. Ажлыг төлөвлөх, бэлтгэл хангах);
  • Ажил гүйцэтгэлийн чанарыг хангуулах зорилго бүхий хяналтын ажилтнуудын үйл ажиллагааны чанарт хийх нэгжийн удирдлагуудын хяналт (2.2.1. Ажлын чанар ба аюулын шинжилгээ);
  • Шинэ систем, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмыг угсрах, эсвэл тэдгээрийг засвараас гарсны дараа ашиглалтанд хүлээн авахаас өмнөх чанарын хяналт (1.2.3. Үйл ажиллагааны туршлага, тогтолцоо; 2.1.1. Ажлыг төлөвлөх, бэлтгэл хангах);
  • Ашиглалтын тодорхой үе шатанд (тухайлбал, мото/цаг) техникийн үйлчилгээ, засварт орсон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмыг ашиглалтанд хүлээн авах хяналт буюу туршилт, зүгшрүүлэлт (2.1.3. Ажлын чанарыг үнэлэх);
  • Ажилтны үйл ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлж үйл ажиллагааныхаа явцад гаргах алдааны магадлалыг бууруулах зорилгоор мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалт, давтан сургалтыг зохион байгуулах (1.3.3. Ажилтны бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшлыг хангах; 5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт).

Засварын ажилтнууд багаараа, эсвэл хяналтын ажилтны хяналтан дор техникийн үйчилгээ, засварын ажлынхаа чанарыг шалгаж болох боловч хяналтын хөтөлбөр нь алдаатай, төгс бус байж болохын сацуу хяналтанд оролцох ажилтнууд өөрсдөө алдаа гаргах магадлалтай.

9–р зураг. Ажилтны зөв хандлагын өгөөж

Гуравдугаар стратеги.

ХАБЭА–н тогтолцооны тогтвортой, жигд байдлыг хангах
(Хүний гаргадаг алдаанаас үүдэлтэй таагүй үйл явдлын үр дагаврын
ноцтой байдлыг хамгийн бага байлгах)

Тогтвортой байдал гэдэг нь ажилтны буруу ашиглалтаас үүдэн систем, тоног төхөөрөмж ноцтой эвдрэл, гэмтэлд үл хүрч ажиллах чадвараа хадгалах шинжийг хэлнэ. ХАБЭА–н тогтолцооны тогтвортой байдал ч ийм шинж чанарыг агуулна.

Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр ажилтны гаргадаг алдаанаас үүдэлтэй таагүй үйл явдлын үр дагаврын ноцтой байдлын магадлал P(z) буурах ач холбогдолтой.

Нөлөөлөх хүчин зүйлсийн ангилал зүй (таксономи)–н (1–р хүснэгт) дагуу энэ стратегийн жишээг дурдъя. Үүнд:

  • Ажилтны буруу, алдаатай үйлдлээс болж системийн зөвхөн нэг элемент, эсвэл нэг тоног төхөөрөмж эвдэрч гэмтэх боломжтой байхын зэрэгцээ ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх нөөц элемент, сэлбэг хэрэгсэл бэлэн байх (1.1.3. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ерөнхий хяналт; 1.2.2. Эрсдэлийн удирдлага);
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмыг ашиглах, техникийн үйлчилгээ хийх, засварлах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал, мөн байгууллагад бүрдсэн техникийн үйлчилгээ, засварын дотоод тогтолцоо, хуримтлуулсан арга туршлагыг үнэлэх (1.2.2. Эрсдэлийн удирдлага; 1.2.3. Үйл ажиллагааны туршлага, тогтолцоо);
  • Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, механизмыг ашиглах, техникийн үйлчилгээ хийх, засварлах ажилтнуудыг сургах, давтан сургах, мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг дээшлүүлэх (1.3.3. Ажилтны бүтээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшлыг хангах; 5.1.1. Ерөнхий ба тусгай бэлтгэлжилт).

Дээрх жишээнүүдээс үзвэл ажилтны өөрийн гаргасан алдаатай, буруу үйлдэл, мөн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бүх хүчин зүйлийг илрүүлэн, судлан шинжилж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гарах, давтагдах тоог нь бууруулах, заримыг нь төрлөөр нь устгах стратегийг оновчтой боловсруулах нь байгууллагын үйл ажиллагааны чанар хийгээд аюулгүй байдлыг хангах ач холбогдол бүхий асуудал мөн болох нь тодорхой харагдаж байна.

1–р хүснэгтэд үзүүлсэн шат шатны албан тушаалтны (ажилтны) үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксономыг манай ХАБЭА–н ажилтнууд анхааралтай ойлгож, судлан, байгууллагынхаа үйл ажиллагаанд нийцүүлэн ашиглавал байгууллагын тань ХАБЭА–н тогтолцооны тогтвортой хийгээд жигд байдал хангагдах ач холбогдол бий. Мэдээж нөгөө талд мөнөөх л хүний үйл ажиллагааны алдаа, дутагдал, ялангуяа ажлын төлөөх сэтгэл, хандлага чухал нөлөөтэй болохыг анхаарах хэрэгтэй.

Нэгэнт хүний алдаа, хүний хүчин зүйлийг ХАБЭА–н ажилтнууд, тус чиглэлээр ажилладаг нийт ажилтанд ойлгуулахыг чармайн энэхүү нийтлэлийг бичиж байгаа тул нэмэлт мэдээллийг шигтгэж өгөх нь зүйтэй гэж үзэн дор дурдав.
Ноксологид:

  • Аюул гэж тодорхой нөхцөл байдалд хүний эрүүл мэндэд хохирол учруулах чадвартай үзэгдэл, процесс, объект, юмсын шинж чанарыг хэлнэ;
  • Аюулгүй байдал гэж хүний үйл ажиллагаанд онцгой аюул байхгүй буюу аюул гарах явдал тодорхой магадлалаар арилсан байдлыг хэлнэ;
  • Аюул нь потенциаль, өөрөөр хэлбэл болзошгүй, далд шинж чанартай байдаг;
  • Потенциаль аюулын тухай аксиом: “Хүний аливаа үйл ажиллагаа потенциаль аюултай”.

Аксиомоос дүгнэвэл:

  1. Хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээний өгөөжийн түвшин ямар байхаас үл хамаарч үлдэгдэл эрсдэл байнга хадгалагддаг;
  2. Туйлын, үнэмлэхүй аюулгүй байдалд хүрэх боломжгүй хэмээн томъёолдог юм.

Ноксологийн дээрх тодорхойлолтууд, аксиомд:

  • “тодорхой магадлалаар арилсан байдал”,
  • “потенциаль буюу болзошгүй, далд шинж чанартай”,
  • “үлдэгдэл эрсдэл байнга хадгалагддаг”,
  • “туйлын, үнэмлэхүй аюулгүй байдалд хүрэх боломжгүй”

хэмээн заасан байдгаас дүгнэвэл албан тушаалын ямар ч түвшний ажилтан потенциаль аюулыг агуулж байдаг нь тодорхой болж байгаа бөгөөд потенциаль аюулын хэмжээ нь ажилтныг аюулгүй, зөв ажиллах арга барилд сургаж дадлагажуулах, төлөвшүүлэх, мотивацижуулах, урамшуулах ажлын чанараас маш их хэмжээгээр хамаарах учиртай болох нь ийнхүү батлагдаж байна.

1–р хүснэгтэд үзүүлсэн ажилтны үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсийн таксономыг байгууллагынхаа үйл ажиллагаанд аль болох бүрэн хэрэгжүүлж чадвал байгууллагад аюулгүй ажиллагааны соёл ч түргэн төлөвших боломжтой гэж үзэж болохоор байна.

Ажилтны гаргасан алдаатай, буруу үйлдэл, алдаатай үйл ажиллагаа, түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бүх хүчин зүйлийг илрүүлэн, судлан шинжилж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гарах, давтагдах тоог нь бууруулах, заримыг нь төрлөөр нь устгах стратеги нь мөн дараах ач холбогдолтой. Үүнд:

  • Ажлын зохион байгуулалт, бэлтгэл ажил, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт хийх;
  • Нэгжийн удирдах ажилтнуудыг бэлтгэл ажил, ажлын гүйцэтгэлийн хяналтанд татан оролцуулах;
  • Ажилтныг үйл ажиллагааныхаа явцад алдаа гаргахад нөлөөлж буй бүх хүчин зүйлсийг тооцож ажлыг төлөвлөх, бэлтгэлийг хангах, гүйцэтгэх;
  • Ажилтныг үйл ажиллагааныхаа явцад алдаа гаргахад нөлөөлж буй бүх хүчин зүйлсийг нийт ажилтанд таниулах, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавих.

10–р зураг. Үйл ажиллагааны явцад ажилтанд нөлөөлөх 3 түвшинт хүчин зүйлийн функциональ загвар

Ажилтны алдаатай, буруу үйлдлийг ноксологийн зарчмуудад нийцүүлэн судалсны үндсэн дээр дээр дурдсан бүх онол–практикийн тайлбар, жишээндээ тулгуурлан зохиогч аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА–н тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах хэд хэдэн зүйл байгааг багцлан дор үзүүлье. Үүнд:

  1. Хүн бүрт буруу хандлага байдаг тул ямар нэг алдаа гаргадаг;
  2. Хамгийн сайн бэлтгэгдсэн, чадварлаг, туршлагатай ажилтнууд ч ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй алдаа гаргадаг;
  3. Алдаа бүр санаатай байдаггүй;
  4. Алдааны суурь шалтгааныг маш тодорхой судлан тогтоож, хариуцлагыг хувь хүнээс биш тогтоцооноосоо хайх нь илүү өгөөжтэй;
  5. Ажилтны алдаа бол тогтолцооныхоо алдааг судлах анхдагч материал мөн;
  6. Ажилтны алдаанаас байгууллагын соёлыг ямар нэг хэмжээгээр дүгнэж болно.

Дээр дурдсан бүх зүйлсээс үзвэл ХЭМАБ–ын үйл ажиллагаа бол байгууллагын тогтвортой жигд ажиллагааг хангах, улмаар ашиг орлогыг нэмэгдүүлэхэд далайцтай хувь нэмэр оруулдаг нь тодорхой харагдаж байгаа юм.

Энэ ч агуулгаараа ХЭМАБ–ын асуудал байгууллагын дэмжих процессын бүрэлдэхүүнд ордог нь нэг талаас алдаатай мэт…


Энэхүү сургалтын материалыг ашиглах бол нийтлэлчээс зөвшөөрөл авч ашиглана уу! FB: Ochirbat Natsagdorj