Н.Очирбат

Н.ОЧИРБАТ: ЗАХИАЛАГЧ, ГЭРЭЭТ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ХАБЭА–ААС ХАМААРСАН СУЛ ЗОГСОЛТООС ҮҮСЭХ ХОХИРЛЫГ ТООЦОХ НЬ

Хураангуй
Захиалагчаас гүйцэтгэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, ажлын явцын хяналт тавих, гэрээг дүгнэхэд ХАБЭА–н үүрэг оролцоог хэрхэн хангах, гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–аас хамаарсан сул зогсолтоос үүссэн сул зогсолтын алдагдлыг тооцох аргачлал боловсруулав.

Түлхүүр үг: сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, сул зогсолтын хохирол

Ажлын зорилго: Аливаа аж ахуйн нэгж, байгууллага гэрээт гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулахаас гэрээг дүгнэх шатанд ХАБЭА–н шаардлага, стандартыг хэрхэн хангуулах, сул зогсолтын алдагдлыг хэрхэн тооцох аргачлал, зөвлөмж боловсруулах.

Зорилт: Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээг дүгнэхэд ХАБЭА–н нэгжийн оролцоог хангах асуудлыг тодорхой жишээн дээр томъёолж, ХАБЭА–аас хамаарсан сул зогсолтоос үүсэх хохирлыг тооцох аргачлалыг өдөр тутмын ХАБЭА–н хяналтын статистик баримтжуулалтад тулгуурлан тооцох аргачлалыг боловсруулах

Судалгааны арга: Онолын судалгаа ба хэмжилт, боловсруулалт

Практик ач холбогдол:

  • Аливаа аж ахуйн нэгж гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажил олгоод, гүйцэтгэлийн явцын хяналт хийх, гэрээг дүгнэх үйл ажиллагаандаа санаа авч ашиглах боломжтой;
  • Захиалагч ба гэрээт гүйцэтгэгчийн хамтын ажиллагааны явцад гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–н үйл ажиллагаанаас хамаарсан сул зогсолтоос үүсэх хохирлыг тооцох боломжийг зохиогчийн боловсруулсан аргачлал олгоно.

Нэг. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, гэрээг дүгнэх

Захиалагчаас гэрээт гүйцэтгэгчтэй хамтран ажиллах мөчлөгийг 1–р зурагт үзүүлэв.

1–р зураг. Захиалагч ба гэрээт гүйцэтгэгчийн хамтын ажиллагааны мөчлөг

Ажил гүйцэтгэх санал өгөгчийг (нэр дэвшигч) үнэлэх
Гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа нэр дэвшигчдийн ХАБЭА–н үйл ажиллагаанд үнэлгээ хийнэ.

ХАБЭА–н үйл ажиллагааны үнэлгээ хийхэд санал асуулгын хуудас ашиглаж болно.

Сонгон шалгаруулах ажлын хэсэг санал асуулгын хуудсын сонгон шалгаруулалтанд оролцогч компаниудад илгээж хариу хүлээн авна. Тус хуудас нь ядаж сүүлийн 1 жилийн ажлын үзүүлэлтийг илэрхийлэх агуулгатай байх нь зүйтэй.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг бөглөгдсөн санал асуулгын хуудсыг ХАБЭА–н нэгжид илгээж санал дүгнэлт гаргуулна.

Гэрээт гүйцэтгэгчийг сонгох
Захиалагч нь гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–н үйл ажиллагааны үнэлгээг хийхдээ сонгон шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлтийн нэг байх хэмжээнд ач холбогдолтой хандах хэрэгтэй.
Гэрээт гүйцэтгэгчийг дараах 2 үе шаттайгаар сонгон шалгаруулна. Үүнд:

  • Нэр дэвшигчээр бүртгэх;
  • Сонгон шалгаруулах.

Нэр дэвшигчид нь хамтран ажиллаж байсан (захиалагчаас “эерэг” үнэлгээ авч байсан бөгөөд энэхүү жагсаалтанд орсон) ба шинэ компани байж болно.

Захиалагчтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай, захиалагчаас “эерэг” үнэлгээ авч байсан бөгөөд энэхүү жагсаалтанд орсон нэр дэвшигчдийг сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд шууд оруулж болно.

Гэрээт гүйцэтгэгчийг эцэслэн сонгоход 2 дугаар шатанд тунаж үлдсэн нэр дэвшигчдийн ХАБЭА–н үйл ажиллагааны үнэлгээнд хийсэн ХАБЭА–н нэгжийн дүгнэлтийг гол шалгуур болгон үзнэ.

Шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа 2–р зурагт үзүүлсэн зөвлөмжийг ашиглаж болно.

2–р зураг. Гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд

Үйл ажиллагааны чиглэл бүрээрх эерэг үнэлгээтэй гэрээт гүйцэтгэгч
Захиалагч компанид үйл ажиллагааны чиглэл бүрээр ажил гүйцэтгэхээр нэр дэвшиж байсан компаниудын жагсаалт байх шаардлагатай.
Жагсаалтад компаниудын үйл ажиллагааны чиглэл, холбоо барих хаяг, гүйцэтгэж байсан ажлын туршлага зэрэг мэдээллүүд заавал байх шаардлагатай.
Жагсаалтад оны эцэст “салхи оруулдаг” байх хэрэгтэй.
Жагсаалтыг төлөвлөлт эсвэл гэрээ хариуцсан нэгж хөтөлнө.
Жагсаалтад ХАБЭА–н нэгжийн санал, дүгнэлт заавал тусгагдана. ХАБЭА–н нэгж өдөр тутмын хяналт, хяналтын дүнгээрх албан шаардлага, албан шаардлагын хэрэгжилт, хариуцлага хүлээлгэсэн баримт, гэрээ дүгнэсэн баримт, гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, сургалт, зааварчилгааны зохион байгуулалт, үр дүн, удирдлагын манлайлал, ХАБЭА–н “ерөнхий ноён нуруу” зэрэг ХАБЭА–н үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд тулгуурласан дүгнэлтийг гаргана.

Гэрээг байгуулах, дүгнэх
Захиалагч ба сонгон шалгаруулалтад тэнцсэн компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулна.
Гэрээнд ХАБЭА–н талаар хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан тусгай бүлэг зайлшгүй байна.

3–р зураг. Гэрээг байгуулахаас дүгнэх үе шат

Ажил гүйцэтгэх зөвшөөрөл
Захиалагч ба Гэрээт гүйцэтгэгчийн хооронд байгуулах ажил гүйцэтгүүлэх гэрээний хавсралтаар “Ажил гүйцэтгэх үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”–г ХАБЭА–н нэгжтэй хамтран хийнэ. Энэ төлөвлөгөө нь Гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–н талаар заавал хүлээх үүрэг, хэрэгжүүлэх ажил мөн болох тул ХАБЭА–н аливаа асуудал энэхүү төлөвлөгөөгөөр зохицуулагдана.

Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компани нь улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, норм ба дүрэм, стандарт, захиалагч компанийн дотоод дүрэм, журам, заавруудын шаардлагыг хангасан зайлшгүй байх бичиг баримтыг бүрдүүлсэн байна.

Гэрээт гүйцэтгэгчийн ажилтнуудыг аюулгүй ажиллах арга барилд сургах, ХАБЭА–н хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох, осол эндэгдэлгүй, зөв ажиллах соёл, зан үйл, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Захиалагчаас ХАБЭА–н сургалт, урьдчилсан зааварчилгаа явуулж, шалгалт авч дүгнэн “ХАБЭА–н сургалт, зааварчилгааны дэвтэр”–т бүртгэл хөтөлнө. Сургалтанд хамрагдаагүй, шалгалтанд тэнцээгүй гэрээт гүйцэтгэгчийн аливаа ажилтнаар ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй.

Гүйцэтгэгч нь норм ба дүрэм, ХАБЭА–н асуудлыг зохицуулдаг бүх хууль, эрх зүйн актыг дагаж мөрдөх үүрэг хүлээж, ХАБЭА–н асуудал хариуцсан орон тооны ажилтнаар энэ чиглэлийн ажлыг хариуцуулан гүйцэтгүүлнэ.

Гүйцэтгэгч нь орон тооны ХАБЭА–н асуудал хариуцсан ажилтан, холбогдох ажил мэргэжлийн ажилтны ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаатай байх бөгөөд ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулна.

Үйлдвэрлэлийн талбай руу ажлын үнэмлэх, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, өөрийн компанийн лого бүхий дуулгатай Гэрээт гүйцэтгэгчийн ажилтныг нэвтрүүлнэ.

Гүйцэтгэгч компани туслан гүйцэтгэгчийн статустайгаар аливаа төрлийн ажлыг гүйцэтгүүлэхээр хувь хүнийг ажиллуулахгүй.

Дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй компанитай гэрээ байгуулахгүй, эсвэл явцын дунд гэрээг цуцалж болно.

Ажлын явцын хяналт
Хяналт бол урьдчилан сэргийлэх зан үйлийн хэрэгжилтийг шалгах соёл юм.

ХАБЭА–н хяналт нь ХАБЭА–н Удирдлагын системийг хэрэгжүүлэх үе шатуудын нэг бөгөөд ХАБЭА–н Бодлогын хэрэгжилт, ХАБЭА–н үйл ажиллагааны үр дүнг шалгаж үнэлгээ өгөх, авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор тогтмол явагдана.

ХАБЭА–н хяналтын зорилго нь ХАБЭА–н хууль тогтоомж, техникийн норм, технологийн баримт бичиг, журам, дүрэм, зааврын шаардлага, ХАБЭА–н төлөвлөгөөт ажлын биелэлт, чанар, үр ашиг, ажилтнуудын ХАБЭА–н ажил үүргийн биелэлт, ажлын байрны ба ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг шалган үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд оршино.

4–р зураг. Хяналтын төрөл ба бүтэц

“ХАБЭА бол хувь хүний хариуцлага” гэдэг агуулгаар хяналтын гол мөн чанарыг тодорхойлж зөрчил гаргасан ИТА, ажилчин бүрт ажлын талбар дээр нь “соён гэгээрүүлэх” зөвлөгөөг тогтмол өгдөг байх хэрэгтэй.

Гэрээт гүйцэтгэгч компанийн заавал биелүүлэх хариуцлагыг дараах 6 төрлөөр тодорхойлж хяналтыг энэ агуулгаар хийж болно. Үүнд:

  1. Зохион байгуулалтын хариуцлага;
  2. Хяналтын хариуцлага;
  3. Хүний нөөцийн хариуцлага;
  4. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хариуцлага;
  5. Хүрээлэн буй орчны хариуцлага;
  6. Удирдлагын ба ажилтны хувийн хариуцлага.

Эдгээр хариуцлага бүгд харилцан уялдаатай байж компани оршин тогтоно. Захиалагчийн ХАБЭА–н ажилтнуудын хяналт тасралтгүй байх зарчмаар хийгдэх шаардлагатай. Аливаа эрсдэлтэй хүчин зүйлс бий болсны дараа гэрээт гүйцэтгэгчийн ямар ч ажилтан, ялангуяа ХАБЭА–н ажилтан “булзаж мэлзэх” нөхцөлгүйгээр ажлыг зохион байгуулсан байх хэрэгтэй.

Хяналтын үр дүнгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. Энэ нь энгийнээр үзвэл захиалагчийн ХАБЭА–д ач холбогдолтой ханддагийн баталгаа, нөгөө талаас гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–д хэрхэн ханддагийн баталгаа гэж үзэж болно.

Захиалагчийн төслийн талбай дээрх хэд хэдэн гэрээт гүйцэтгэгчийн тухайд захиалагчаас дагаж мөрдүүлж буй ижил агуулгатай ХАБЭА–н дүрэм, журмыг мөрдөж байгаа атал ХАБЭА–н түвшин харилцан адилгүй байгаагийн шалтгааныг хяналтаар илрүүлэх боломжтой. Олон шалтгаан байж болох ч эцсийн хариу маш энгийн, өөрөөр хэлбэл “ХАБЭА–н түвшин харилцан адилгүй байгаагийн шалтгаан бол дүрэм хэрхэн мөрддөгтэй холбоотой” гэж гардаг.

Гэрээт гүйцэтгэгч нар дараах чиглэлээр хариуцлагыг хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд энэ асуудлыг заавал тусгасан байна.

5–р зураг. Хариуцлагын төрөл ба агуулга

Үйл ажиллагаа эхлэх, улмаар өрнөх үед захиалагч, гэрээт гүйцэтгэгч нарын ажилтан, тоног төхөөрөмжийн зүгээс харилцан аюулууд үүснэ. Үүнийг өдөдр тутмын хяналтаар арилгана.

Талбайн хяналт ба түүгээр илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авахаас илүүтэй дахин давтагдуулахгүйн тухайд ажилтнуудад зөвлөгөөг өгдөг байх хэрэгтэй.
“Хүн хэлэхээс наашгүй”–н логик, мөн ажилчдын боловсролын түвшинтэй холбоотойгоор нэг зөрчлийг ажилтан олон удаа давтах тохиолдол цөөнгүй байна. “Хүн хаана байна, тэнд эрсдэл мөнхийн дагаастай” байх тул ажилтнуудад анхааруулга, зөвлөгөө, санамжийг тасралтгүй өгдөг байх нь ХАБЭА–н ажилтны үүрэг болно.

Зөвлөгөөг өгөхдөө дараах агуулгыг баримталбал зүйтэй. Үүнд:
Муу зохион байгуулсан ажлын байр бүрт зөрчил гарна;

Эрсдэлийг их, бага гэж ангилдаггүй, эрсдэлийг туршиж үл болно;

Ажилтнуудын ХАБЭА–н соёл маш чухал тул тэднийг тасралтгүй сургах хэрэгтэй;

Тугаарлуур нь шалбарсан цахилгаан дамжуулагч, тахир хадаас зэрэг оршин байгаа бодит аюулыг ажлын байрнаас устгаж, ажлын байрны эмх цэгцийг хангах нь аюулгүй ажиллахын үндэс гэдгийг ойлгодог байх.

ХАБЭА–н ажилтнууд (захиалагчийн ба гэрээт гүйцэтгэгчийн) өдөр тутмын хяналтыг дараах үндсэн чиглэлээр хийдэг байх хэрэгтэй. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй;
  • Ахуйн байрны эрүүл ахуй, аюулгүй байдал.

Мөн 6–р зурагт үзүүлсэн чиглэлээр хязгаарлахгүйгээр, өөрийн дотоодод батлагдсан хуваариар зорилтот хяналтуудыг хийж болно.

6–р зураг. Зорилтот хяналтын чиглэл

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
Явцын хяналтын үр дүн, баримтжуулалтыг үндэслэн ажлын гүйцэтгэлд ХАБЭА–н нэгж олгогдсон эрхийн хүрээнд хувь тогтоож болно.

Гэрээг дүгнэх

Гэрээг дүгнэхэд захиалагчийн ХАБЭА–н нэгж үйл ажиллагааны явцын хяналтын дүн, үүрэг даалгаврын биелэлтээр үнэлгээ өгнө.

Хоёр. Гүйцэтгэгчийн ХАБЭА–н үйл ажиллагаанаас хамаарсан
сул зогсолтоос үүсэх хохирлыг тооцох

Хяналтаар цахилгаан байгууламж дээрх ашиглалтын дүрэм зөрчигдөж тэрхүү зөрчил нь ажилтны эрүүл мэнд, амь насанд аюул учруулж, эд материалын хохиролд хүргэх нөхцөл үүсгэсэн тохиолдолд ажлыг шуурхай зогсоож, аюулыг устгасны дараа ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг захиалагчийн ХАБЭА–н нэгжээс авна.
Гэрээт гүйцэтгэгчийн ХАБЭА–г хангаагүйгээс үүдсэн цахилгаан хангамжийн тодорхой хугацааны саатлаас гарах хохирлыг дараах байдлаар тооцно.

Саатал буюу сул зогсолтоос үүдэх хохирлыг дээрх байдлаар тооцож захиалагч ба гэрээт гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан нөхцөлөөр хохирлыг барагдуулна.

Дүгнэлт, зөвлөмж
Гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийн хяналт хийх, гэрээг дүгнэх үйл ажиллагаанд илтгэлийн нэгдүгээр хэсэгт дурдсан арга зүйг ашиглаж болно.

Технологийн ямар ч ажилбарыг гүйцэтгэх явцад ХАБЭА–г хангаагүйгээс гарсан сул зогсолтоос үүдсэн хохирлыг зохиогчдын боловсруулсан дээрх аргачлалаар тооцож болно. Гэвч энэ аргачлалд дутуу зүйлс нэлээд байгааг уншигч нар анхаарч, ХАБЭА–н сул зогсолтоос үүдэх ил ба далд зардлын бүтцийг эргэн харж баяжуулах хэрэгтэй.

Төлөвлөгөөт ажлыг гүйцэтгэхэд алдсан хугацааг нөхөх зорилгоор гэрээт гүйцэтгэгч нар технологийн горимыг баримтлалгүй “шуурхай” ажиллан чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох нөхцөлийг үйлдвэрлэлийн технологи хариуцсан ажилтнууд таслан зогсоодог байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, ХАБЭА–н хяналт зөвхөн ХАБЭА–н ажилтнуудын үүрэг бус, “Чанар ба Аюулгүй ажиллагаа хоёр бол нэг зоосны хоёр тал” болохыг технологийн ажилтан бүр анхаардаг, улмаар хариуцлагатай байх зарчимд суралцсан байх нь юу юунаас чухал байна.