Н.Очирбат Нийтлэл

Н.ОЧИРБАТ: #9 Эрсдэлийн удирдлагын арга зүйг сайжруулах ХАБЭА-н үйл ажиллагааны өгөөжийг дээшлүүлэх

Хураангуй
Эрсдэлийн менежментийн арга зүйг сайжруулж байгууллагын ХАБЭА–н үйл ажиллагааны өгөөжийг дээшлүүлэхийн тулд эрсдэлийн менежментийн үзэл баримтлал, зарчим, эрсдэлийн шинж байдал, эрсдэлийг удирдах мөчлөгийг нарийвчлан, тодорхой судлах нь зайлшгүй болох нь практик үйл ажиллагаанаас харагдаж байгаа тул энэ зорилгод нийцүүлэн хийсэн судалгааны ажилд тулгуурлан энэхүү илтгэлийг бэлтгэв.

Түлхүүр үг: эрсдэлийн менежмент, мэргэжлийн эрсдэл, үйлдвэрлэлийн эрсдэл, нийгэм–эдийн засгийн эрсдэл, математик илэрхийлэл

Судалгааны ажлын зорилго. Эрсдэлийн менежментийн стратеги, зорилго, зорилтыг оновчтой боловсруулах.

Судалгааны арга: Онол–туршилтын судалгаа.

Практик ач холбогдол:

  • Эрсдэлийн менежментийн стратеги, зорилго, зорилтыг оновчтой боловсруулах, хэрэгжүүлэн, байгууллагын ХАБЭА–н үйл ажиллагааны өгөөжийг дээшлүүлэх;
  • ХАБЭА–н эрсдэлийг тооцоолох үйл ажиллагаанд математик аргыг хэрэглэж шийдвэр гаргалтыг оновчлох арга зүйг нэвтрүүлэх.

Удиртгал
Аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭА–н үйл ажиллагаандаа эрсдэлийн менежментийг нэвтрүүлэхдээ ажилтны өдөр тутмын үйл ажиллагаандаа гаргаж буй зөрчил (үл тохирол), оршин буй аюулыг аль болох бүрэн хэмжээгээр бүртгэн авч, тэдгээрийг системт хандлагад тулгуурлан төрөлжүүлэн ангилж, суурь шалтгааны судалгааг нь бодитой, шуурхай, хариуцлагатай хийсэн байх шаардлагатай бөгөөд энэ нь эрсдэлийн менежмент, түүний хүрээнд зохион байгуулагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулыг устгах, аюулыг төрөл, эсвэл тоо хэмжээгээр нь бууруулах, энэ үйл ажиллагааны зардал, материаллаг нөөц, оюуны нөөцийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагаанууд өгөөжөө өгөх эсэхэд шууд нөлөөлнө.
Өөрөөр хэлбэл, аливаа аж ахуйн нэгж, байгууллагын үнэт зүйл бол аюулгүй ажиллагаа мөн бөгөөд түүнийг хангах тулгуур асуудал нь бүртгэл статистик, судалгаанд суурилсан эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн менежмент мөн.

Үндсэн хэсэг

Зохиогч 2014–2019 онд барилгын үйл ажиллагаанд хийсэн судалгааны ажлынхаа үр дүнгээр “Эрсдэлийн менежментийг өгөөжтэй хэрэгжүүлэх зарчим, түүний үзэл баримтлал нь судалгаа мөн” хэмээн томъёолж энэхүү илтгэлд хураангуйлан толилуулж байна.

Судалгаагаар удирдлагын процессын нарийн түвэгтэй иж бүрдэл шинж чанарыг харгалзан эрсдэлийн менежментийн зорилгыг тодорхой болгож системчлэв. Үүний тулд тодорхой бус үр дүнг тооцон шийдвэрийн хувилбар ба үр дүнг дэс дараалсан байдлаар харуулж, анхдагч үзэгдэл буюу анхны шийдвэрээс эхлэн төрөл бүрийн арга зам, гарч болох үзэгдлийн үр дүнг загварчлах шийдвэрийн мод шинжилгээ (ШМШ)–ний аргыг ашиглаж байгууллагын ариун цэвэр–эрүүл ахуйн, үйлдвэрлэл–технологийн, удирдлага–зохион байгуулалтын, нийгэм–эдийн засгийн бодлогын түвшинг дэд бүтцийн түвшингүүдээр илэрхийлэв. Ингэснээр NCD группт нэвтрүүлээд буй ХЭМАБ–ын удирдлагын тогтолцооны хүрээн дэх эрсдэлийн менежментийн функцүүд илүү нарийвчлан тодорхойлогдсон болно (1 дүгээр зураг).

1 дүгээр зураг. Шийдвэрийн мод шинжилгээ (ШМШ)

1 дүгээр зурагт үзүүлсэн эрсдэлийн менежментийн олон түвшинт бүтэцтэй удирдлагын объектын олон түвшинт бүтэц нийцэж байгааг 2 дугаар зургаас үзэж болох бөгөөд эндээс барилгын үйл ажиллагаанд үүсдэг эрсдэлийн төрлийг цогц байдлаар харах боломжтой.

2 дугаар зураг. Объектын мод шинжилгээ (ОМШ)

Мөн ажилтны эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хэвийн зохион байгуулж, хүссэн (төлөвлөсөн) үр дүнд хүрэхэд нөлөөлдөг үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйл, хүний хүчин зүйлийг шууд тодорхойлох (илэрхийлэх), эрсдэлийг төрлөөр нь задлан ангилахын тулд тэдгээрийн хоорондын дотоод шүтэлцээ, суурь шалтгааны талаарх ойлголтыг илүү нарийн судлах боломжийг ч олгоно. Энэ нь нөгөө талаар судалгаанд суурилан мэдлэгээ чадвар болгон хөгжүүлэх боломжийг ХАБЭА–н ажилтанд олгоно.

Судалгаагаар эрсдэлийн төрлийг дараах байдлаар нарийвчлан тодорхойлов. Үүнд:
– мэргэжлийн эрсдэл: ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа ажил, албан тушаалын онцлогт нь нийцүүлсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дүгнэлт гарган, тохирох ажлын байранд ажиллуулаагүйгээс хөдөлмөрлөх явцдаа эрүүл мэнд, амь насаар хохироход хүргэх эрсдэл;
– үйлдвэрлэлийн эрсдэл: ажилтныг найдвартай байдал, найдвартай ажиллагаа нь хангалтгүй барилга, байгууламж, машин, механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тоноглол бүхий ажлын байранд ажиллуулснаар технологийн аюулгүй байдал алдагдаж, хөдөлмөрийн аюулгүй, хоргүй нөхцөл алдагдах эрсдэл;
– нийгэм–эдийн засгийн эрсдэл: байгууллагын эдийн засгийн үр ашиг буурснаар эрүүл мэндийн, нийгмийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, хариуцлагын зэрэг даатгалын төлөлт алдагдах эрсдэл.

Эрсдэлийн менежментийн бүтэц, түүний чанартай, хариуцлагатай хэрэгжүүлэлт, өгөөжөөс байгууллагын ХАБЭА–н үйл ажиллагааны үр дүн хамаарах нь нэгэнт тодорхой бөгөөд эрсдэлийн менежментийн бүтэц нь зохиогчийн судалгаандаа тулгуурлан тогтоосноор объектив хандлагад, тухайлбал тухайн багаж хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын цогц байдалд (сонголт, нийлүүлэлт, сургалт, ашиглалт, хяналт, ашиглалтын сайжруулалт буюу PDCA мөчлөг) тулгуурласан үйл ажиллагаануудын дарааллаас бүрдэнэ (3 дугаар зураг).

3 дугаар зураг. Эрсдэлийг менежмент, байгууллагын ХАБЭА–н ажлын өгөөжийг дээшлүүлэх бүтцийн схем

Үйл ажиллагаануудын дэс дараалал нь эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлийн хүчин зүйлийг тооцоолох, эрсдэлийн хүчин зүйлийг хянах, менежментийн арга, түүний зохион байгуулалтыг сонгох (стратегийг сонгох), эрсдэлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг (дэд хөтөлбөр буюу төлөвлөгөө байж болно) санхүүжүүлэх зэрэг хоорондоо шүтэлцээ бүхий үе шаттай ажилбаруудаас бүрдэнэ.

Эрсдэлийн хүчин зүйл нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа (эрчим хүчний тасалдал, эд ангийн хуучралт г.м), хүрээлэн буй орчны хүчин зүйл (цаг агаарын хүчин зүйл), ажилтны үйл ажиллагаа (хүний хүчин зүйл)–аас үүдэлтэй нь харагдаж буй бөгөөд ерөнхий эх үүсвэр нь хүний хүчин зүйлтэй холбогдож байгаа юм. Үүнийг байгууллагын үйл ажиллагаанд хийсэн SWOT, PEST, CROSS SWOT, Мексоны 5х5 шинжилгээний дүнгээр ч баталсан болно.

Эрсдэлийн хүчин зүйлсийг танин мэдэж илрүүлэх, ангилан төрөлжүүлэх үйл ажиллагаа нь аюулыг танин мэдэж, илрүүлэх, ангилан төрөлжүүлэх үйл ажиллагааны үргэлжлэл болох нь нэгэнт тодорхой бөгөөд байгууллагын нийт ажилтанд тэдгээрийн үүсэх суурь шалтгаан, орон зай ба цаг хугацааны шинж чанар, тодорхойлолт, үүсэн гарах магадлал, хохирлын магадлалыг зааж сургах, нийт ажилтныг эрсдэлийн үнэлгээг боловсруулахад оролцуулах нь чухал ач холбогдолтой болох нь NCD группийн сүүлийн 7 жилийн ХАБЭА–н үйл ажиллагааны тайлангаас тодорхой харагдаж байна.
Ажилтны цуглуулсан мэдээллийг нэгтгэн статистик бүртгэлийн сан үүсгэж байгаа нь эрсдэлийн менежмент, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөхөд хамгийн чухал мэдээлэл болж өгнө (4 дүгээр зураг).

4 дүгээр зураг. Эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлох схем

Дээр өгсөн тодорхойлолтын дагуу мэргэжлийн эрсдэлийн хүчин зүйлийг илрүүлэх (магадгүй тодорхойлох) нь байгууллагын ариун цэвэр–эрүүл ахуйн бодлого, хөтөлбөр (эсвэл төлөвлөгөө)–т суурилна.
ШМШ (1 дүгээр зураг), ОМШ (2 дугаар зураг)–ний бүтэцтэй нийцүүлэн үзвэл мэргэжлийн эрсдэлийн хүчин зүйлсийг хөдөлмөрийн нөхцөлийн ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний хүчин зүйлс гэсэн 2 бүлэгт ангилж болохоор байна.

Үйлдвэрлэлийн эрсдэлийн хүчин зүйлийг илрүүлэх (тодорхойлох) асуудал нь “Хүн – Үйлдвэрлэлийн орчин” системийн зөв зохион байгуулалт, технологийн бүх тоног төхөөрөмжийн зориулалт, ангилал (төрөл), бүтэц, бүтцийн онцлог, хэрэглэгдэх муж, үйлдвэрлэлийн төслийн хүчин чадал, төлөвлөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарах байгууллагын ХАБЭА–н удирдлага–зохион байгуулалт, үйлдвэрлэл–технологийн бодлого, шийдвэрт суурилна (1 дүгээр зураг).

Барилгын үйлдвэрлэлд оролцож буй угсралт, сантехник, цахилгаан монтаж, заслын ба бусад туслах ажиллагаа гүйцэтгэж буй гэрээт гүйцэтгэгч компаниудын хамгийн түгээмэл ашигладаг багаж бол металл тасдагч цахилгаан гар багаж юм.

NCD группийн 2014–2019 он, 2020 оны эхний хагас жилийн ХАБЭА–н тайлангуудаас үзвэл талбай дээр бүртгэгдсэн зөрчлийн (аюул) тоо харгалзан 1121, 983, 899, 742, 671, 634, 286 байх бөгөөд зөрчлийн ерөнхий 13 ангиллаас хамгийн их 13.34%–ийг эзэлж байгаа нь цахилгаан гар багажны ашиглалттай холбоотой зөрчил байна.
Хэдийгээр ХАБЭА–н хяналт, ХАБЭА–н сургалтын ажил, ХАБЭА–д нийт ажилтныг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх ажлын өгөөжөөр жил бүр зөрчлийн тоо буурч байгаа авч энэ ангиллын зөрчлийг бүрдүүлж буй дэд 9 ангилал (зөрчил) дотор металл тасдагчийн ашиглалтын дүрмийн зөрчил дангаараа 27.53%–ийг эзэлж байгаа нь анхаарал татсан, нийт ажилтныг түүний зөв ашиглалтанд улам бүр нарийн сургах, эрсдэлийн үнэлгээг боловсруулах ажилд илүү өргөн хүрээтэй хамруулах шаардлагатай болохыг “мэдээлж” байгаа нь тодорхой байв.

Иймд 2019 онд металл тасдагчны буруу ашиглалттай холбоотой үүсэх, тухайлбал ажилтан эрүүл мэндээр хохирч болох эрсдэлийн суурь шалтгааныг металл тасдагчийг ашигладаг мужаан, арматурчин, сантехникийн слесарь, гагнуурчин, жолооч, люльканы оператор зэрэг 6 мэргэжлийн 11 ажилтны хамт тэдний практик туршлагад тулгуурлан (онолын хувьд) хамтран судалж тогтоосон байдлыг 5 дугаар зурагт үзүүлэв. Өөрөөр хэлбэл, энэхүү онолын хувьд хамтран судалж тогтоосон байдлыг априори шинжилгээ буюу өдгөөгийн “проактив” шинжилгээ гэж үзэж болно.

5 дугаар зураг. Металл тасдагчаар уруулаа зүссэн шалтгааныг “Загасны нурууны ясан диаграмм” аргачлалаар тогтоосон байдал

Нийгэм–эдийн засгийн эрсдэлийн хүчин зүйлийг илрүүлэх (тодорхойлох) асуудал нь байгууллагын бодлого, стратеги төлөвлөгөөнд суурилсан бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилтнуудын мэргэжлийн ур чадварын хүчин зүйлийг агуулна (1 дүгээр зураг).

Эрсдэлийн хүчин зүйлс, тэдгээрийн хохирлын хэмжээ, орон зай, цаг хугацааны тархалт, бусад хор холбогдол нь харилцан адилгүй байх тул зөвхөн тэдгээрийг тогтоосноор эрсдэлийн үнэлгээг боловсруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой гүйцэтгэх боломжгүй. Иймд эрсдэлийн хүчин зүйлсийг зохиогчийн тодорхойлсноор хохирлын хэмжээ, орон зай, цаг хугацааны тархалт, бусад хор холбогдлыг агуулсан ойлголт болох далайцаар нь эрэмбэлэх шаардлагатай.

Далайцыг үнэлэхдээ хууль, тогтоомжийн нийцтэй байдлын үнэлгээ, статистик шинжилгээ, шинжээчийн үнэлгээний аргуудыг ашиглаж, улмаар эрэмбэлэх боломжтой болох нь NCD группийн 2018, 2019 оны үйл ажиллагааны тайлангаас харагдаж байна.
Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх загвар нь түүний тооцооны алгоритм ба математик бичиглэлээс бүрдэнэ.

Алгоритмыг эрсдэлийн хүчин зүйлсийг танин мэдэж илрүүлэх (тодорхойлох)–тэй холбогдох бүх мэдээлэлд тулгуурлан эрсдэлүүдийг үнэлэх, бодит далайцыг тогтоох, түвшинг хянах үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааны дарааллыг тооцон боловсруулсан болно (6 дугаар зураг).

6 дугаар зураг. ХАБЭА–н эрсдэлийн түвшинг тооцоолох, хянах алгоритм

ХАБЭА–н мэргэжлийн ба нийгэм–эдийн засгийн эрсдэлийн тооцооны математик бичиглэл нь эрсдэлийн хүчин зүйлсийн илрүүлэлтийн бүрхэг, эргэлзээтэй (тодорхой бус), тодорхой бус байдал, нарийвчлал, таамаглалыг тооцон тодорхой бус олонлогийн онолд тулгуурлан анхны параметрийн өгөгдлөөрөө ялгаатай алгоритм бүхий бодлогыг бодоход чиглэнэ.

1 дүгээр хүснэгт

Иймд металл тасдагч цахилгаан гар багажны үйлдвэрлэлийн эрсдэлийн хүчин зүйлсийг илрүүлэн тодорхойлох нь бүх өгөгдлийн санд үнэмшилт магадлалтай статистик мэдээллийг олж авах, улмаар боловсруулах боломжийг олгодог тул үйлдвэрлэлийн төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээг шугаман бус логистик регрессийн шинжилгээг ашиглан тооцсон болно.

Үйлдвэрлэлийн эрсдэлийн тооцооны математик илэрхийлэл нь регрессийн тэгшитгэлийг ашиглан үйлдвэрлэлийн эрсдэлийн логик хувиргалтыг магадлалаар илэрхийлэгдсэн нэг хэмжээст хэмжигдэхүүн хэлбэрээр гаргаж авах боломжийг олгоно.
Үр дүнгийн үнэмшилт байдлыг Хи–квадрат шалгуураар тогтоов. Энд р≤0.5–тай харгалзах үр дүнг үнэмшилтэй гэж үзсэн.
Ерөнхий тохиолдолд үйлдвэрлэлийн эрсдэлийн тооцооны дараалал нь:

Эрсдэлийн төрөл тус бүрээр регрессийн тэгшитгэлийг гаргаж авах. Тухайлбал, ХАБЭА–н мэдлэг, ур чадварын шалгалтаар (аттестатчлал) хангалтгүй дүн үзүүлсэн ИТА–ны тооноос хамаарч өдөр тутмын үзлэг хийгдээгүйн улмаас ашиглах боломжгүй металл тасдагчийн сул зогсох эрсдэл; ХАБЭА–н мэдлэг, ур чадварын шалгалтаар удаа дараа хангалтгүй дүн үзүүлэн улмаар ажлаас чөлөөлөгдсөн ИТА ба ажилтны тооноос хамаарч өдөр тутмын үзлэг хийгдээгүйн улмаас ашиглах боломжгүй металл тасдагчийн сул зогсох эрсдэл; ХАБЭА–н мэдлэг, ур чадварын шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн ажилтны тооноос хамаарч өдөр тутмын үзлэг хийгдээгүйн улмаас ашиглах боломжгүй металл тасдагчийн сул зогсох эрсдэлийг регрессийн хамаарлыг дараах байдлаар илэрхийлнэ.

2. Олж авсан хамаарлыг инженерийн практикт ашиглахад хялбар болгохын тулд тэдгээрийг хүснэгтэн мэдээлэл хэлбэрт оруулах.

Дүгнэлт

ХАБЭА–н эрсдэлийн менежментийн зорилтуудыг ариун цэвэр–эрүүл ахуйн, үйлдвэрлэл–технологийн, удирдлага–зохион байгуулалтын болон нийгэм эдийн засгийн түвшнээр ангилан хэрэгжүүлэх нь ач холбогдолтой болох нь харагдаж байна.
Энэхүү тооцооллын математик аргыг бодит нөхцөл бүрт хэрэгжүүлэх нь ХАБЭА–н үйл ажиллагааг, тухайлбал эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаанд математик аргыг нэвтрүүлж эрсдэлийг үнэлэх үйл ажиллагааны түвшинг шинэ шатанд гаргах давуу талтай.

Leave a Reply

Your email address will not be published.