Мэдээ, мэдээлэл Үйл явдлын мэдээ

Орон сууцны агааржуулалтын хоолойнуудыг шалгаж байна

Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны байрууд нь нэг суваг бүхий агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон бөгөөд хуучин барилгуудын ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөнөөс гарсан хиншүү болон бусад бохирдсон агаар ердийн агаар сэлгэлтийн зарчмаар буюу агааржуулалтын хоолой дамжин гадагшилдаг.

Хүйтний улиралд орон сууцны барилгуудын агааржуулалтын сувагт температурын зөрүүнээс шалтгаалах, мөн хаших хийцийн болон хучилтын дулаан алдагдалаас хамааран цанталт үүсч агаар сэлгэлтийн систем үндсэн үүргээрээ ажиллаж чадахгүй бөглөрч өрөөнүүдийн хуримтлагдсан бохир агаар, дотор агааржуулалтын сувгийн сеткээр зэргэлдээ болон, харалдаа давхарын айлуудад дамжих нөхцөл үүсч болзошгүй эрсдлийг дагуулдаг.

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран ХҮТ-1-ээс 17-д хамааралтай 2113 барилгын салхивчны хэвийн ажиллагаа, чийгшил, агаарын хурдын хэмжилт, дээврийн агаарын урсгалын нөхцөл байдалд шалгалт зэргийг хийж байгаа юм. Ажлын явц 62,8%-тай байна, 02 сарын 20-нд дуусна.

02 сарын 05-ны өдрөөс эхэлсэн уг ажил өнөөдрийн байдлаар 1327 байранд ажиллаж, 10% нь буюу 130 гаруй нь гадна агааржуулалтын хоолой цанталтын улмаас бөглөрсөн байдалтай байсныг сэтгэж, агаар сэлгэлтийг хэвийн болгоод байна. Мөн үүнээс гадна яндангийн хэсгүүд нь гэмтэж, хэмхэрсэн байсныг засварлах боломжтойг нь шууд засварын ажлыг хийлгэж, хэвийн болгож байна.

Өчигдрийн байдлаар Баянзүрх дүүрэг 5, 8,13,16, 22 дугаар хороонд байрлах 5 давхар 14, 67, УС-1, 81 дүгээр байрны 13 орцны 243 айл өрх, 9-н давхар 24, 87, 50 дугаар байрны 6 орцны 262 айл өрх,10-н давхар №89 дугаар байрны 3 орцны 192 айл өрх, 16-н давхар 55.4, 29.1 дүгээр байрны 2 орцны 342 айл, нийт 1039 айл өрхийн агааржуулалтын хоолойг шалгахад 1 өрхийн агааржуулалтын хоолой бөглөрсөн, тоосго нурсан байсныг хэвийн ажиллагаатай болгосон.

Эх сурвалж: Улаанбаатр хотын захирагчийн алба