Н.Очирбат Нийтлэл

Н.ОЧИРБАТ #11 MNS 4969:2000 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ – БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ, АМЬДРАХ АРГА БАРИЛД ТӨЛӨВШҮҮЛЭХ АСУУДАЛД

Тайлбар. Энэхүү нийтлэл нь зохиогчийн 2017 онд “Safety first–2016” хуралд асуудал дэвшүүлэн танилцуулсан илтгэл болно. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр зохиогчийн 2013…2019 он хүртэлх олон удаагийн (дотоодын их, дээд сургууль, салбарын эрдэм шинжилгээний хуралд 6 илтгэл хэлэлцүүлсэн) уйгагүй хичээл зүтгэлийн дүнд түүний өөрийн боловсруулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын (А/370) хавсралтын “Долоо. Олон нийтийн сургалтын хөтөлбөр. 1–4 дүгээр ангийн сурагчдад заах “Амьдралын зөв хэвшил” үлгэрчилсэн хөтөлбөр, агуулга” албан ёсоор батлагдсан болно.

Хураангуй
Хүүхдийг бага наснаас нь аюулгүй ажиллах арга барилд төлөвшүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүнд үндэслэн MNS 4969:2000 стандартыг хэрэгжүүлж, өсвөр насныханд цэцэрлэг, сургуулиар буюу боловсролын системээр дамжуулж эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах дадал хэвшилд төлөвшүүлэх сургалтын хөтөлбөрийн санал дэвшүүлэв.

Түлхүүр үг: уламжлалт арга, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр, гадаадын туршлага, сургалтын хөтөлбөр

Судалгааны ажлын зорилго. Монгол хүүхдийг бага наснаас нь аюулгүй ажиллах арга барилд төлөвшүүлэх “Амьдралын зөв хэвшил” хичээлийн хөтөлбөрийг боловсруулах.

Зорилт: Бага насны хүүхдийн ХАБЭА–н сургалтын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, монгол уламжлал, гадаадын туршлагад тулгуурлан хичээлийн хөтөлбөрийг боловсруулах.

Судалгааны арга: Онолын судалгаа

Судалгааны объект: MNS 4969:2000 стандарт, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, монголын нийгмийн өнөөгийн байдал

Практик ач холбогдол: MNS 4969:2000 стандартыг хэрэгжүүлж хүүхдийг бага наснаас нь эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах дадал, хэвшилд төлөвшүүлбэл үйлдвэрлэлийн талбарт зөв хандлагатай ажилтны тоо нэмэгдэж, үйлдвэрлэлийн ослын тоо буурч, улсын эдийн засагт тоогоор илэрхийлшгүй өгөөж өгнө.

Оршил

“Хүн болох багаасаа”
“Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу”

Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский “Хүүхэд хүмүүжлийн дадал хэвшлийн 90 хувийг 5 хүртэлх насандаа, 10 хувийг бусад насандаа эзэмшдэг” хэмээн олон жилийн судалгаандаа тулгуурлан дүгнэжээ.
Хүүхдийн тархи, сэтгэхүй 2 нас хүртлээ хамгийн эрчимтэй хөгждөг тул энэ наснаас нь хүүхдийг хүмүүжүүлж, зөв иргэн болгож төлөвшүүлэх суурийг тавьж, улмаар хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг байна. Энэ тухай Японы эрдэмтэн Ибука Масару хүүхдийг балчраас нь хөгжүүлэх асуудал хамгийн өндөр ач холбогдолтой болохыг туршилт, судалгаандаа тулгуурлан баталж дүгнэн “3 нас хүрэхээс нь өмнө” [1] хэмээх номдоо бичсэн байна.
Оросын эрдэмтэн Д.И.Майский монголчуудын хүүхдээ ажил хөдөлмөрт сургаж дадлагажуулах хүмүүжлийн арга хэлбэрийн талаар дараах байдлаар бичжээ.

  1. 3…4 настай хүүхдийг хурга, тугал хариулах ажилд сурган, 6…7 насанд нь хурдан морь унуулж, үхэр, адуу хариулуулж, мод, аргал түлш түүх зэрэг ахуйн хөдөлмөрт сургаж,
  2. 15…16 насанд нь хөвгүүдийг эмнэг сургах, арьс, шир элдэх, сур боловсруулах, мал услах зэрэг мал маллагааны арга ажиллагаанд бүрэн сургаж, охидыг оёж хатгах, сүү цагаан идээ боловсруулах ажилд дадлагажуулдаг хэмээн тэмдэглэсэн байдаг байна.
    “Мал тэжээвэл ам тосдоно” гэдэг зүйр үгийн тайлал нь энд харагдаж байна. Ажил хөдөлмөр эрхлэх нь амьдралын бүхий л хэрэгцээг хангахын үндэс болохыг монголчууд үр хүүхдийнхээ балчир оюунд суулгаж, биеэр нь мэдрүүлж, зан үйл болгон төлөвшүүлдэг байжээ.
    Эцэг өвгөд маань хүүхдэд ажил хөдөлмөрийг “сур, хий” хэмээн “үүрэгдээд” орхидоггүй байсан. Тэд ажил хөдөлмөрт дадлагажих явцдаа хүүхдийн буруу хийсэн үйлдэл бүрийг “Нүгэл!” хэмээх нэг үгээр таслан зогсоож, бусад зүйр үгээр үлгэрлэн аюулгүй ажиллах арга барилыг төлөвшүүлж ирсэн уламжлалтай юм.
    Даяаршиж буй “хавтгай” дэлхийн суурин соёл иргэншилд гүнзгий нэвтэрч, нийслэлдээ хүн амын тал нь оршин суугаа өнөө үед бага насны монгол хүүхдийн сэтгэл зүйг шинжлэх ухаанчаар судалж гаргасан дүгнэлтэд тулгуурлан амьдрал, ахуйгаа зөв хөтлөх, зөв ажиллах арга барилд сургах, хууль ёсыг дээдлэх, бусдыг энэрэх үзэлд төлөвшүүлэх асуудлыг боловсролын системээр дамжуулан хийх нь үр дүнтэй байх учиртай.
    Манайд хүүхдийн төлөө байгууллагууд нэлээд байдаг боловч хүүхдийг аюулгүй ажиллах арга барилд оюун ухаан төлөвших наснаас нь сургах талаар асуудал боловсруулж дэвшүүлэх санаачлага дутмаг байна уу гэж үзэхээр байна.
    Өнөөгийн байдлаар ясли, цэцэрлэг, сургууль хүрэлцээгүйгээс хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт эс гэхэд гадаадын арга барилаас бүрэн суралцаагүй залуу эцэг, эхэд хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг ноогдож байгаа юм. Оюун ухаан төлөвших насандаа цэцэрлэг, сургуулиар хүмүүжээгүй хүүхэд нийгэмшихдээ удаан байж улмаар ажил хөдөлмөрийн талбарт гарахдаа алдаа эндэл гаргах магадлал өндөр ч байж болно.

Сургуулийн өмнөх насны ба сургуулийн насны
хүүхдүүдийн ХАБЭА–н сургалтын өнөөгийн байдал

Хүүхдүүдийг аав, ээжийн хайр энэрэлд өсч бойжиж буй бага наснаас нь ХАБЭА–д төлөвшүүлж хэвшүүлэх сургалт хийгээгүйгээс сургааль зөвлөгөөгүй өссөн хүүхдэд том болоод ажлын байран дээр гарахад нь ХАБЭА–н зөрчил гаргалгүй ажиллах хууль, дүрэм яриад эхлэхээр аюул осолгүй ажиллах соёл, уламжлалт зан үйлийг төлөвшүүлэх сургалтын чанар, ач холбогдол ямар хэмжээнд байх нь тодорхой юм.
Харин бага наснаасаа аюулгүй ажиллах арга барил, өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж, бусдад туслах арга зүйг эзэмшсэн хүүхэд хөдөлмөрийн насанд хүрч үйлдвэрлэлийн талбарт очиход ямар ч ажлыг гүйцэтгэх ХАБЭА–н норм, дүрмийг мөрдөхөд хүндрэл гарахгүй.
Манай улсад ХАБЭА–н сургалтын чиглэлээр батлагдан гарсан томоохон баримт бичиг бол Монгол улсын стандарт MNS 4969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” юм.
Энэхүү стандартад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг сургуулийн өмнөх насны хүүхэд, бүх шатны сургуулийн суралцагчид, шинээр давтан, хоёр дахь мэргэжлээр бэлтгэгдэж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан, инженер, техникийн болон удирдах ажилтанд зориулж, шат шатанд нь зохион байгуулна” хэмээн заажээ.
MNS4969:2000 стандартын хэрэгжилт, өөрөөр хэлбэл аюулгүй байдлын талаарх сургалт бага насны хүүхдүүд, дунд сургуулийн хүүхдүүдийг хамарч чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлага зүй ёсных болоод байна.
2013 оны 8 дугаар сарын 16–ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2013–2014 (туршилтын үе шат), 2014–2016 (үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үе шат) онуудад 2 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан нь сайшаалтай боловч MNS4969:2000 стандарттай уялдуулж өгөөгүй нь харамсалтай байна.
Тус хөтөлбөрийн “Зургаа. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл” дэд хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа” бүлэгт “6.1.4. хүмүүнлэг, ардчилсан нийгмийн иргэнд зайлшгүй төлөвшсөн байх чадамжид суурилан нэн тэргүүнд монгол хэл, математик, байгалийн ухааны стандартыг боловсруулна. Ахлах ангийн сургалтын хөтөлбөр уян хатан, хувилбартай байна” хэмээн заажээ. Гэвч өнөөгийн нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа ХАБЭА–н талаар энэхүү хөтөлбөрт тусгагдаагүй байна.
БСШУ–ны сайдын 2015 оны 07 дугаар сарын 10–ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”–т тусгагдсан дараах санаануудыг хүүхдийг ХАБЭА–д төлөвшүүлэх талаарх санаа гэж ойлгож байна. Үүнд:

  1. “1.1. Нийтлэг үндэслэл”–д:
    1.1. “Бага насны хүүхдийн талаарх судалгааны ажил дэлхий нийтэд эрчимжиж, хүүхдийн хөгжлийн онцлог, боломжийн талаар, шинэ нотолгоо, мэдлэг, мэдээлэл бий болсоор байна. Тухайлбал, сургуулийн өмнөх насанд хүүхдийн тархи маш эрчимтэй хөгждөг бөгөөд уян хатан чанартай, суралцах орчин, түүнчлэн ойр дотны харилцаа нь тэдний хөгжил, төлөвшилд чухлаар нөлөөлдөг, хүүхэд боловсролын нэг түвшнээс нөгөө түвшинд (цэцэрлэгээс сургуульд) шилжих шилжилтийг зөв хийх нь тэдний суралцах үйлд эерэг нөлөө үзүүлж, насан туршийн амьдралын суурь болдог гэдгийг судлаач, эрдэмтэд баталж байна.”;
    1.2. “Мэдлэгт суурилсан нийгэм, мэдээлэл харилцааны технологийн хурдацтай хөгжлийн энэ эрин үед хүүхдийг бага наснаас нь янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх гэхээс илүүтэй тэдний төрөлхийн суралцах хүсэл эрмэлзэл, дур сонирхол, баяр баясгаланг хадгалан батжуулах, тэдэнд орчинтойгоо идэвхтэй харьцаж, өөрөө судлан шинжилж учир холбогдлыг нь олж нээх боломж олгох, өөрийгөө хариуцан авч явах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай байна.”;
    1.3. “Монголчууд хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн. Эцэг эхчүүд хүүхэддээ багаас нь эрдэнэт хүний биеийн үнэ цэнэ, нүгэл буян, үйлийн үрийн сургаал, бусдын энэрэн нигүүлсэх, хайрлан халамжлах, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухаан, эцэг эх, ахмадыг хүндэтгэх, ач тусыг нь санахыг ухааруулан сургасаар ирсэн. Энэхүү уламжлалт арга ухаанаа эрхэмлэн хүүхэд бүрийн хүн болох төлөвшилд илүү анхаарах нь өнөөгийн нийгэм, хөгжлийн хэрэгцээ, шаардлага болоод байна.”.
  2. “1.3.2. Сургалтын цөм хөтөлбөрийн зорилт”–д:
    2.1. “i. Биеийн болон гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, эрүүл амьдрах дадал хэвшил эзэмших, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх чадварт суралцах”.
    Мөн “Цөм хөтөлбөрийн хүрэх үр дүн, агуулга”–д дараах зүйлс тусгагджээ. Үүнд:
    2.1. Хүүхдийн эзэмших ерөнхий ба тусгай чадвар

2.2. Хүүхдийн суралцахуйн чиглэлүүд
2.2.1. Хөдөлгөөн, эрүүл мэнд
Ямар үр дүнд хүрэх вэ?
– Эрүүл амьдрах дадал хэвшилтэй болно
– Гэмтэл бэртлээс болгоомжилно, өвчлөлтөөс сэргийлнэ

Цөм хөтөлбөрт тусгагдсан дээрх чадваруудыг ямар хичээлээр олгож байгаа талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас өгсөн “Оюутан сурагчдад аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн суурь мэдлэг олгох, эзэмшүүлэх талаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгагдсан талаарх товч мэдээлэл”–ийг үзье.

  1. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт бага насны хүүхдэд эрүүл амьдрах дадал хэвших эзэмших, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх чадвар тусган хэрэгжүүлж байна.
  2. ЕБС–ийн 1…5 дугаар ангид судалдаг бүх хичээлийн агуулгад аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн суурь мэдлэг олгох чадваруудыг тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн:
  • “Хүн орчин” хичээл (цөм хөтөлбөрийн 50–р хуудас)–д “Хичээлийн хэрэглэлээ бэлтгэх, хаана юуг, хэзээ хэрэглэх, зөв сонгохоо төлөвлөх, энгийн багаж хэрэгсэл ашиглан хэмжих, турших, аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах”,
  • “Хүн ба байгаль” хичээл (цөм хөтөлбөрийн 59–р хуудас)–д “Аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх”,,
  • “Урлаг” хичээл (цөм хөтөлбөрийн 74–р хуудас)–д “Аюулгүй ажиллагааны дүрэм, тэмдэг тэмдэглэгээг тайлбарлах”,
  • “Биеийн тамир” хичээл (цөм хөтөлбөрийн 85–р хуудас)–д “Дасгал хийх аюулгүй ажиллагааны заавар, заал талбайд тогтоосон дэг мөрдөх, тоглоомын дүрэм баримтлах”,
  • Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа (цөм хөтөлбөрийн 122–р хуудас)–д “Үйлдвэрлэгчийн аюулгүй ажиллагааны заавартай танилцах” гэх мэт.
  1. ЕБС–ийн 6…9 дүгээр ангид судалдаг бүх хичээлийн агуулгад аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн суурь мэдлэг олгох чадваруудыг тусган мөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн:
  • “Байгалийн ухаан” хичээл (цөм хөтөлбөрийн 58, 76–р хуудас)–д “Ажиглалт туршилтын үед хэрэглэх багаж хэрэгслийг нэрлэж сонгох, аюулгүй ажиллагааны талаар эргэцүүлэн бодох, гүйцэтгэх”, “Ажиглалт, туршилт гүйцэтгэх явцдаа өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг баримтлах”,
  • “Дизайн, технологи” хичээл (цөм хөтөлбөрийн 104, 108–р хуудас)–д “Гар багажийн аюулгүй ажиллагаа, гар багаж хэрэгсэл ашиглан материал боловсруулах болон гар ажиллагаагаар хийх хялбар схем зургийг унших, тайлбарлах, материал боловсруулах арга барил, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх” гэх мэт.
  1. ЕБС–ийн 1…12 дугаар ангид судалдаг “Биеийн тамир”, “Эрүүл мэнд” хичээлийн агуулгад эрүүл мэндийн суурь мэдлэг чадвар олгох агуулгуудыг тусган хэрэгжүүлж байна.
    Дээр дурдсан албан баримтууд ба ЕБС–д ХАБЭА–н биеэ даасан хичээл орох цагийн багтаамж байхгүй тухай БСШУЯ–ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас өгсөн хариунаас үзвэл хүүхдийг амьдрал, ахуйгаа зөв хөтлөх, зөв ажиллах арга барилд сургах чиглэлээр, өөрөөр хэлбэл ХАБЭА–н суурь мэдлэг олгох талаар системтэй бодлого байхгүй байгаа нь харагдаж байна.
    Албан баримтад дурдсан хичээлүүд дэх сэдвүүд бол хүүхдэд ХАБЭА–н мэдлэгийг системтэйгээр олгож буй процесс биш болохыг илтгэнэ.
    Иймд цөөхөн хүн амтай, тэдгээрийн дийлэнх нь ид хөдөлмөрлөх насны залуучууд байдаг онцлогтой манай улсын хувьд боловсролын системд нэн даруй өөрчлөлт оруулах шаардлагатай.

Сургуулийн насны хүүхдүүдийн ХАБЭА–н сургалтын
талаарх гадаадын туршлага

Дэлхийн улсууд хүүхдийг хэвлийд бойжиж буй наснаас нь хөгжүүлэх бодлого барьж энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажилладаг байх бөгөөд заримаас нь товч дурдъя.

  1. АНУ–ын Хүний оюуны чадавхийг хөгжүүлэх хүрээлэн (The Institute for The Achievement of Human Potential (IAHP)). Энэ нь ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүүхдийн сэтгэхүйг бага наснаас нь хөгжүүлэх чиглэлээр судалгааны ажил явуулдаг.
  2. ОХУ дахь эрүүл ба авъяаслаг хүүхдийг төлөвшүүлэх “Сонатал” төв.
  3. Канадад “The Nation’s Leader in Child Safety Education” хэмээх уриатай “Child Safe Canada” сургалтын төвд 4…8, 9–өөс дээш насны хүүхдийг эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн ба хувийн амьдрал, ахуйгаа зөв хөтлөх арга барилд сургах, хууль ёсыг дээдлэх үзэлд төлөвшүүлэх сургалтыг явуулдаг байна. Канадад “Хүүхдийн аюулгүй байдлын боловсрол” хэмээх ухагдахуун нэгэнт тогтож, энэ чиглэлээрх байгууллагууд нь үйл ажиллагаагаараа хошуучлахыг эрхэм зорилго, уриагаа болгосон байгаа нь харагдаж байна.
  4. Мөн баруун европын орнууд, Япон, Хятадад хүүхдийг бага наснаас нь эрүүл саруул бие бялдартай, зөв сэтгэхүйтэй, зөв ажилладаг дадал хэвшилтэй болгон төлөвшүүлэх, хүмүүжүүлэх шинжлэх ухааны үндсийг өөрийн онцлогт нийцүүлэн тодорхойлж түүний үр дүнд улс орны хөгжил нь дэлхийд тэргүүлэх эгнээнд хүрчээ.
    Эдгээр оронд хүүхдийг амьдралын зөв дадал хэвшилд сургахдаа үндсэн 10 арга зүйг эрхэмлэдэг байх бөгөөд тэдгээрээс аюулгүй ажиллах арга барилд зан үйл болтол нь төлөвшүүлэх чухал 4 арга зүй нь
  5. Зааж сургахдаа үйлдлээр үзүүлж түүнийгээ тайлбарлаж ойлгуулах нь илүү үр дүнтэй ба хүүхдийн сонирхлын дагуу жишээ татах хэрэгтэй.
  6. Гэнэтийн тохиололд хэн рүү хаашаа утсаар мэдэгдэх ёстойг зааж, тайлбарлаж өгөх
  7. Үл таних хүнээс юу ч авч болохгүй, дагаж явж болохгүйг тайлбарлах
  8. Тэжээвэр амьтдаас айх биш, харин орон зайнаас тэднийг хайрлах сэтгэлгээ төлөвшүүлэх зэрэг болно.
    ОХУ–ын “2020 он хүртэлх Үндэсний аюулгүй байдлын стратеги”–д “Дэлхийн хөгжлийн процесс, улс төр, эдийн засгийн харилцааны даяарчлал нь хувь хүн, нийгэм, улс орны хөгжилд шинэ эрсдэл дагуулж байгаа тул Орос улс үндэсний аюулгүй байдлын хүрээнд шинэ бодлого баримтална” хэмээн заажээ. Энэ үүднээс тус улсын бүх шатны ХАБЭА–н сургалтын агуулгыг шинэчилсэн байна.
    ОХУ–д бүрэн ба бүрэн бус дунд сургуулиудад заах хөдөлмөрийн аюулгүй байдлын хичээлийн стандарт, энэ хичээлийг заах сурган хүмүүжүүлэхийн онол, арга зүй боловсруулагдан батлагдаж түүгээр олон арван эрдэмтэд төрөн гарч 1…11 дүгээр анги тус бүрт үзэх “Аюулгүй ажиллагааны үндэс” сурах бичгийг хичээлийн агуулгын хүрээнд хэвлэн сургалтанд ашиглаж байна.
1 дүгээр зураг. ОХУ–ын дунд сургуулийн “Аюулгүй ажиллагааны үндэс”
хичээлийн хөтөлбөр
2 дугаар зураг. ОХУ–ын дунд сургуулийн “Аюулгүй ажиллагааны үндэс” хичээлийн сурах бичиг

Мөн ХАБЭА–н сургалтанд дараах сурах бичгүүдийг ашигладаг байна.

ОХУ–д сургуулийн багш нарыг ХАБЭА–н нийт ажилтны сургалтанд хамруулдаг бөгөөд тэрхүү сургалтыг тус сургуулийн ХАБЭА–н багш хөтлөн явуулж, сургалтын хөтөлбөрийг нь сургуулийн захирал баталдаг сайн жишээ байна.

Санал болгох хөтөлбөр

1…4 дүгээр ангийн хүүхдүүдэд заах “Амьдралын зөв хэвшил” хичээлийн агуулгыг дараах байдлаар томъёолж байна.

Багш нарыг ХАБЭА–д сургах хөтөлбөр

  1. “Амьдралын зөв хэвшил” хичээлийг заах багшийг ХАБЭА–н сургалтын төвүүдээр дамжуулж бэлтгэх шаардлагатай.
  2. Мөн сургуулийн багш нарыг нийт ажилтны сургалтанд хамруулж байх нь зүйтэй бөгөөд ХАБЭА–н талаарх мэдлэгтэй багш нар аюулыг өөр өнцгөөс харж, дүгнэн хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд илүү давуу талтай байх нь дамжиггүй.
  3. Иймд тэднийг ХАБЭА–д чиглүүлэх сургалтын хөтөлбөр ба түүнд тусгагдсан сэдвүүдийн агуулга “Амьдралын зөв хэвшил” хичээлийн агуулгаас хол зөрүүгүй байх хэрэгтэй.

ДҮГНЭЛТ

  1. Хүүхдийг бага наснаас эрүүл, зөв ажиллаж амьдрах дадал, хэвшилд төлөвшүүлэх асуудлыг боловсролын системээр дамжуулж хийх нь илүү үр дүнтэй.
  2. Цаашид сургуулиудын сургалтын хөтөлбөрт “Амьдралын зөв хэвшил” хичээлийг оруулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
  3. БСШУЯ–аас өгсөн тайлбараас үзвэл монголын цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт “Амьдралын зөв хэвшил” хичээлийг оруулах ямар ч боломжгүй юм байна. Үүнийг нэг долоо хоногт орох хичээлийн цагийн ачаалал их байдагтай холбон тайлбарласан.
  4. Иймд “Амьдралын зөв хэвшил” хичээлийг орох цагийн багтаамжийг бусад хичээлүүдэд интеграци хийж шийдэж болох юм
  5. Мөн “Амьдралын зөв хэвшил” хичээлийн агуулгыг бусад хичээлүүдийн агуулгад багтааж болох юм.
  6. Цаашид сургуулийн өмнөх насны ба сургуулийн насны хүүхдийг амьдралын зөв дадал хэвшилд системтэйгээр сургаагүйгээс хүүхдүүд ажил хөдөлмөрийн талбарт, ялангуяа үйлдвэрлэлийн талбарт ямар зөрчил гаргаж байгааг гадаадын туршлагатай харьцуулсан судалгааг хийх болно.