Н.Очирбат Нийтлэл

Н.ОЧИРБАТ #12 ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЖИЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД

Н.Очирбат
“Номин констракшн девелопмент” групп

Тайлбар. Зохиогч энэхүү судалгааг ямар нэг байгууллага, хувь хүний захиалгаар бус, салбарын төлөө санаа зовниж явдгийн хувьд санаачлан, 2014 оноос биеэ дааж хийсэн болно. Мэдээж зохиогч ашиг сонирхлын элдэв асуудлыг үл агуулж тус судалгааг хийсэн ажгуу. Шинээр бэлтгэгдэх ХАБЭА–н ажилтнуудын мэдлэг, ХАБЭА–н Сургалтын төвүүдийн багш нарын мэдлэгийг сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр дамжуулан дээшлүүлэх зорилгыг агуулан хийсэн бөгөөд А/370 тушаалаар батлагдсан ХАБЭА–н ажилтныг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн цөм агуулгыг энэхүү судалгааны ажлаас бүрдүүлсэн болно. А/370 тушаал батлагдсаны дараа зохиогчийг “Сургалтын төвүүдийг дампууруулах ажлыг гардаж хийсэн”… гэх мэтээр олон хүн, ялангуяа Сургалтын төвийн эзэд буруутгасан. Гэвч Сургалтын төвийн нөгөө талд аж ахуйн нэгж, байгууллагууд – ХАБЭА–н ажилтныг ажлын байраар хангагч нар байгаа юм. Ажил олгогч нарт чанартай сургалтаар дамжин төгссөн өндөр мэдлэг бүхий ХАБЭА–н ажилтан шаардлагатай байгаатай санал нийлэх хүн эрхбиш байдаг байх. Ингээд Эрхэм уншигч абугай Та бүхэн судалгааны ажилтай нухацтай танилцана уу.

Хураангуй
ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварыг 3 чиглэлтэй судалгаагаар тодорхойлж, түүнд үндэслэн ажлын байрны тодорхойлолт, ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.

Түлхүүр үг: мэдлэг, чадвар, ажил олгогч, ХАБЭА–н ажилтан, ажлын байрны зар, ажлын байрны тодорхойлолт, сургалтын хөтөлбөр

Судалгааны ажлын зорилго:
“ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалт”–ын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүгээр дамжуулан ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадвар, ХАБЭА–н сургалтын төвүүдийн сургалтын чанарыг дээшлүүлэх

Судалгааны ажлын зорилт:

  1. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХАБЭА–н хууль, тогтоомжид заасан аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА–н ажил үүргийн заалт ба ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварын нийцтэй байдлыг үнэлж, үл нийцлийг тодорхойлох;
  2. ХАБЭА–н ажилтны заавал эзэмшсэн байх мэдлэг, чадвар ба тэдгээрийн ач холбогдлын (чухлын) зэргийг тодорхойлох судалгаа.
    2.1. ХАБЭА–н ажилтнаас ажил олгогчийн шаарддаг мэдлэг, чадварууд, тэдгээрийг ач холбогдлын (чухлын) зэргээр нь эрэмбэлэх;
    2.2. ХАБЭА–н ажилтны өөрийн нь гүнзгий (ахисан түвшинд) судлахыг эрмэлздэг мэдлэг, чадварууд, тэдгээрийг ач холбогдлын (чухлын) зэргээр нь эрэмбэлэх;
    2.3. ХАБЭА–н ажилтны ажлын байрны зар дээр ажил олгогчоос тусгасан мэдлэг, чадварууд, тэдгээрийг ач холбогдлын (чухлын) зэргээр нь эрэмбэлэх;
    2.4. ХАБЭА–н ажилтны цалингийн судалгаа.
  3. Дээрх судалгаануудын үр дүнд үндэслэн ХАБЭА–н ажилтны ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах;
  4. Мөн дээрх судалгаануудын үр дүнд үндэслэн “ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалт”–ын хөтөлбөрийг шинэчлэх шаардлага ба үндэслэлийг тодорхойлж, улмаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зорилтуудыг тавив.

Судалгааны арга: Онолын ба хавсрал судалгаа.

Судалгааны объект: ажил олгогч, ХАБЭА–н ажилтан.

Практик ач холбогдол:

  • ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын чанар, бэлтгэгдэн гарч буй ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадвар дээшилнэ;
  • Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сургалтын төвүүдийн багшлах боловсон хүчний ба оюуны нөөц нэмэгдэнэ;
  • ХАБЭА–н салбарын нэр хүнд дээшилнэ.

Оршил
ХАБЭА–н тухай хууль, тогтоомж, ХАБЭА–н Үндэсний Y хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх, аюулгүй ажиллах арга барилд ажилтныг төлөвшүүлэх менежментийг зохион байгуулах үүрэгтэй ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлснээр ажлын бүтээмж, санал, санаачлага нь нэмэгдэж, үйлдвэрлэлд гарах ХАБЭА–н зөрчлийн тоо буурах боломж бүрдэнэ. ХАБЭА–н салбарын нэр хүнд, ХАБЭА–н ажлын үр дүнг дээшлүүлэх олон талт ажлын нэг нь ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварын түвшин болох тул энэ чиглэлээрх судалгааны үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.

Нэг. ХАБЭА–Н АЖИЛ ҮҮРЭГ БА ХАБЭА–Н АЖИЛТНЫ МЭДЛЭГ,
ЧАДВАРЫН НИЙЦТЭЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА

Нийцтэй байдлын үнэлгээг хийх зорилгоор “NCD” группийн гэрээт гүйцэтгэгч компаниудын 71 ХАБЭА–н ажилтантай 2014–2019 оны хооронд хамтарч ажиллах явцдаа хийсэн талбайн зөрчлийн тайлан, зөрчлүүдийг арилгах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, үүрэг даалгаврын биелэлт, ХАБЭА–н сургалт, хяналт, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, ХАБЭА–н шаардлагыг хангах ажлыг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө, төлөвлөгөөнүүдийн биелэлтийн тайлан [3, 4, 5, 6, 7]–г ашиглав. Мөн “Safety First–ХАБЭА–н Мэдлэг, Мэдээлэл, Зөвлөгөө”, “Safety First–ХАБЭА–н Мэдлэг, Мэдээлэл”, “Safety first group–Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” зэрэг фейсбүүк группт ХАБЭА–н ажилтнуудын оруулсан хүсэлт, гуйлт бүхий постуудад хийсэн дүгнэлтээ ашиглалаа (1–р хүснэгт).

Хоёр. ХАБЭА–Н АЖИЛТНЫ ЗААВАЛ ЭЗЭМШСЭН БАЙХ МЭДЛЭГ, ЧАДВАР БА ТЭДГЭЭРИЙН ЧУХЛЫН ЗЭРГИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

2.1. ХАБЭА–н ажилтнаас ажил олгогчийн шаарддаг
мэдлэг, чадваруудыг тодорхойлох

ХАБЭА–н ажилтнаас ажил олгогчийн шаарддаг мэдлэг, чадварууд, тэдгээрийг ач холбогдлын (чухлын) зэргээр нь эрэмбэлэх зорилтын хүрээнд дараах судалгааг хийлээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА–н ажлын үр дүнд нөлөөлөх олон хүчин зүйлийн нэг нь ХАБЭА–н ажилтны мэргэжлийн ур чадвар болно.
ХАБЭА–н ажилтны зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, чадвар, өөрөөр хэлбэл ажил олгогчдоос ХАБЭА–н ажилтнаас ямар мэдлэг, чадварыг эзэмшсэн байхыг “хүсдэг” талаарх судалгааг авч тэдний (мэргэжлийн шинжээчдийн) өгсөн үнэлгээг статистик аргаар боловсруулж, үр дүнг 2–р хүснэгтэд үзүүлье.
Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн нийцтэй байдлыг үнэлэх боломжийг нэг талаас нээх юм.
Энэхүү зорилтын хүрээнд барилгын угсралт, гадна, дотор засал, сантехникийн угсралт, цахилгааны угсралт, металл хийцийн, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуйн нэгжийн ажил олгогч эздээс судалгаа авч, судалгааг 2 үе шаттай явуулав. Үүнд:

  1. ХАБЭА–н ажилтны заавал эзэмшсэн байх, өдөр тутмын үйл ажиллагаандаа заавал хэрэгжүүлдэг байх мэдлэг, чадварыг тоогоор хязгаарлахгүйгээр жагсаан бичих санал асуулга;
  2. 1–р үе шатны санал асуулгаар ирүүлсэн мэдлэг, чадварыг бүлэглэн ХАБЭА–н хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх; ХАБЭА–н хяналт хийх; Эрсдэлийн үнэлгээ хийх; ХАБЭА–н сургалт, зааварчилгааг зохион байгуулах; Инженерчлэл; Осолд дөхсөн тохиолдол, ослын судалгааг хийх; ХАБЭА–н бодлого, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх; Бичиг баримт боловсруулах чадвар; ХАБЭА–н санхүү, эдийн засгийн тооцоо хийх гэсэн 9 ангилалд оруулан тэдгээрийн чухлын зэргийг судалгаанд хамрагдсан ажил олгогч эздээр тодорхойлуулах.

Шинжээчдийн үнэлгээний аргаар ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварын чухлын зэргийг, өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хүсэлт–шаардлагыг тодорхойлсон үр дүнг нэгтгэн 3–р хүснэгтэд үзүүлэв.

Энэ нь хэдийгээр ажил олгогчийн зүгээс ХАБЭА–н ажилтнаас шаарддаг (“хүсдэг”) мэдлэг, чадвар боловч практик үйл ажиллагаа ч ХАБЭА–н ажилтнаас дээр дурдсан мэдлэг, чадвар, дадлыг шаарддагийг дурдах хэрэгтэй.

2.2. ХАБЭА–н ажилтны ахисан түвшинд судлахыг эрмэлздэг
мэдлэг, чадваруудыг тодорхойлох

Судалгаанд хамрагдсан 28 аж ахуйн нэгжийн 28 ХАБЭА–н ажилтнаас “Ямар мэдлэг, чадварыг гүнзгий эзэмшихийг хүсдэг вэ?” хэмээсэн асуултаар санал асуулга авч багцлан дүгнэж 16 төрлийн мэдлэг, чадварыг төрөлжүүлж 8 бүлэгт хуваасан бөгөөд тэдгээр мэдлэг, чадварыг чухлын зэргээр нь ангилах санал асуулгын дүнгээр ангиллыг тогтоов (4–р хүснэгт). Энэ судалгаанд 2.1 дэх судалгааны нэг адил шинжээчдийн үнэлгээний аргыг ашигласан болно.

Ангиллыг тогтоосноор ажил олгогчдын ба ХАБЭА–н ажилтнуудын зайлшгүй гүнзгий сурсан байх мэдлэг, эзэмшсэн байх чадварыг нэгтгэн дүгнэх боломж нээгдэнэ.
Санал асуулгад хамрагдсан 28 ХАБЭА–н ажилтны 25 буюу 89% нь “ХАБЭА–н ажилтны мэргэшүүлэх сургалтыг төгсөж сертификат гардан авахдаа ажилд ороод ажлаа юунаас эхлэхээ мэдэхгүй байсан” хэмээн нэмэлт санал болгож бичсэн нь Сургалтын төвийн сургалтын агуулга, чанарын нэг үнэлгээ гэж дүгнэж байна.

2.3. ХАБЭА–н ажилтны ажлын байрны зар дээр ажил олгогчоос
тусгасан мэдлэг, чадваруудын чухлын зэргийг тодорхойлох

www.oshmi.mn, www.biznetwork.mn вебсайт дахь 2014–2019 оны ХАБЭА–н ажилтан сонгон шалгаруулж ажилд авах ажлын байрны зарын агуулгад үнэлгээ хийв.
Тээвэр ложистик; Зам гүүрийн барилга угсралт; Барилга угсралт; Барилгын засал; Хүнсний үйлдвэрлэл; Эрчим хүчний тоноглол, барилга угсралт; Ил ба далд уурхайн олборлолт; Нефть олборлолт; Холбоо; Авто засвар; Хайгуулын өрөмдлөг; Хоол үйлдвэрлэл; Супермаркет; Агуулах; Ажлын хувцасны импорт; Геофизикийн судалгаа; Барилгын материалын үйлдвэрлэл; Сантехник, агааржуулалт, салхивчны тоноглол угсралт зэрэг үйл ажиллагааны 18 чиглэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагын 102 ажлын байрны зарыг судалж үзэхэд ажил олгогчдоос ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадвар, дадлагад дараах шаардлагыг тавьсан байх ба түүнийг бүлэглэн, давтагдсан байдлаар нь чухлын зэрэгт ангилан үзүүлэв (5–р хүснэгт, 2–р зураг).

Ажлын байрны зар дээр тусгасан ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадваруудыг бүлэглэн ангилж, чухлын зэргээр нь эрэмбэлж үзүүлэхэд дээрх үр дүн гарлаа.

2.4. ХАБЭА–н ажилтны цалингийн судалгаа

Ажлын байрны зараас үзвэл “Цалинг тохиролцоно” хэмээсэн 14, цалингийн хэмжээг заасан 67 зар байна. Цалингийн хэмжээг заасан 67 зарыг задлаж үзүүлье. Өөрөөр хэлбэл ажил олгогч нар ХАБЭА–н ажилтанд дор дурдсан хэмжээний цалинг санал болгодог ажээ.

Зургаас үзвэл ХАБЭА–н ажилтны сарын цалингийн дундаж хэмжээг 1.0–1.2 сая төгрөг гэж үзэж болохоор байна.
Энэ нь томоохон уурхайн хүнд даацын автосамосвалын жолооч, экскаваторын операторуудын цалингаас бага хэмжээний цалинтай болохыг харуулна. Хэдийгээр ажил олгогч нар цалингийн хэмжээг тогтоохдоо байгууллагын ашиг, орлогын үзүүлэлтэд тулгуурладаг хэдий ч ажлын байрны зар дотор томоохон аж ахуйн нэгжүүдийн зар ч хамрагдсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Хууль, тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, ажилтныг аюулгүй ажиллах зан үйлд сургаж, дадлагажуулж, улмаар төлөвшүүлэх, төсөл, төлөвлөгөө боловсруулах, албан баримт бичиг хөтлөх зэрэг маш олон чиглэлтэй функцийг хамтад нь гүйцэтгэдэг ХАБЭА–н ажилтны цалинг нэмэгдүүлэх олон хүчин зүйлийн нэг нь ХАБЭА–н ажилтнуудыг бэлтгэх, сургаж дадлагажуулах ажлын чанарыг шинэ шатанд гаргах асуудалтай ихээхэн хэмжээгээр хамаатай.
Ажлын байрны зар дээр ажилласан жил буюу ажлын туршлагыг 2 ба түүнээс дээш жил байхаар заасан нь ажил олгогчийн байр сууринаас авч үзвэл буруутгах зүйл биш боловч ХАБЭА–н ажилтнуудын бэлтгэгдсэн түвшин өндөр байхтай зэрэгцэн ажилласан жил заадаг асуудал буурах хандлагатай байх боломжтой.

Гурав. ХАБЭА–Н АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Судалгааны ажлын 2–р зорилтын хүрээнд хийгдсэн 3 чиглэлтэй судалгааны дүнгээр ХАБЭА–н ажилтнуудын зайлшгүй, гүнзгий (ахисан түшинд, өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнуудыг ХАБЭА–д төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах хэмжээнд) сурсан байх мэдлэг, эзэмшсэн байх чадварыг нэгтгэж үзвэл ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалт явуулж буй Сургалтын төвүүд дараах мэдлэг, чадварыг ахисан түвшинд эзэмшүүлсэн байх шаардлагатай (6–р хүснэгт).

ХАБЭА–н ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”–д тусгагдах “ХАБЭА–н ажилтны ажлын үндсэн чиг үүрэг”, эдгээр чиг үүрэгтэй холбоотой хийгдэх дэд ажлуудын саналыг (7–р хүснэгт) боловсруулахдаа:

  1. Монгол улсын “ХАБЭА–н тухай хууль”–д ажил олгогчийн хүлээх үүрэгтэй холбоотой бүх заалтыг багцлан үзэж, аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА–н талаар ямар чиг үүрэгтэй ажлуудыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай болох,
  2. Монгол улсын “ХАБЭА–н тухай хууль”–ийн 27.3 дугаар заалтаар ХАБЭА–н ажилтан ямар үүрэг хүлээдэг,
  3. Практикт ажил олгогчоос ХАБЭА–ын ажилтнаас ямар ур чадварыг шаарддаг,
  4. Практикт ХАБЭА–н ажилтанд ямар ур чадварууд илт дутагддаг, өөрөөр хэлбэл ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж буй Сургалтын төвүүд ямар мэдлэг, чадварыг хангалттай олгодоггүй болох зэрэг асуудлыг 2009–2019 оны судалгаандаа тулгуурлан боловсруулав.

Дөрөв. ХАБЭА–Н АЖИЛТНЫГ МЭРГЭШҮҮЛЭХ
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Өмнөх зорилтуудын дагуу хийсэн судалгаагаар ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон билээ.
Мөн хөтөлбөрийг шинэчлэх чиглэлээр судлаач өөрийн саналыг боловсруулахдаа ХНХЯ–ны сайдын А/33 тоот тушаалаар баталсан “ХАБЭА–н сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”–ын 2–р хавсралтад заасан “ХАБЭА–н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтын үлгэрчилсэн хөтөлбөр”–ийг зарим Сургалтын төвийн төгсөгчдөдөө олгосон сертификатад бичигдсэн хөтөлбөртэй нийцүүлж судлав.
Үүний тулд NCD группийн ерөнхий ба туслан гүйцэтгэгч 77 аж ахуйн нэгжийн 77 ХАБЭА–н ажилтны ХАБЭА–н ажилтнаар мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж төгссөн сертификатыг авч үзвэл нийт 12 сургалтын төвийг төгссөн байх ба тэдгээр сургалтын төвийн сургалтын хөтөлбөрийн нийцтэй байдлыг үнэлэхэд дараах үр дүн гарч байна (8–р хүснэгт). Эдгээр 12 сургалтын төвийг санамсаргүй сонголт гэж үзэж болох юм.

8–р хүснэгтээс үзвэл судалгаанд хамрагдсан 12 сургалтын төвийн 2 (YI, IX) нь үлгэрчилсэн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж сургалт явуулж байна.
Бусад 10 сургалтын төвийн сургалтын хөтөлбөр нь үлгэрчилсэн хөтөлбөрөөс 1–9 сэдвээр зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, үлгэрчилсэн хөтөлбөрт заасан 15 сэдвийн 1–9 сэдвийг нь огт заадаггүй гэж ойлгоно.
Энэ нь нэгдүгээрт, элсэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хөтөлбөрөөр сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг байж болох, хоёрдугаарт, хэдийгээр хэрэгцээ шаардлагыг тусгасан байхыг үгүйсгэхгүй боловч даруй 3, 4, 5, 6, 8, 9 сэдвийг орхино гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэрх юм.
Судалгаанд хамрагдсан 12 сургалтын төв сэдвийн зөрүүг 9–р хүснэгтэд үзүүлсэн байдлаар нөхөж, цагийн ачааллыг биелүүлдэг байна.

9–р хүснэгтээс үзвэл, сэдвийн зөрүүнээс хамаарч 40 цагийг биелүүлэх зорилгоор нөхөж заадаг сэдвийн тоог бүлэглэвэл 35 байх бөгөөд 12 сургалтын төвийн сэдвийн давхцалтай хамаарах дүгнэлтийг 10–р хүснэгтээр үзүүлье.

10–р хүснэгтээс үзвэл, сэдвийн давхцал 6–аас хэтрэхгүй, ихэвчлэн 1 сэдвээр давхацсан тоо харьцангуй их 35 сэдвээс 25 буюу 71.45%, өөрөөр хэлбэл дийлэнх нь давхцахгүй байгаа нь нэг талаас сургалтын төвүүд агуулгаараа нөхдөг байхыг үгүйсгэхгүй ч нэгдсэн хөтөлбөр батлах шаардлагатай болохыг шууд харуулж байна.
8, 9, 10–р хүснэгтээс нэгэн “сонирхолтой зүйл” ажиглагдаж байна. Үүнд:

  1. А/33 тушаалын хавсралтад заасан үлгэрчилсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн баримталж сургалт явуулж буй YI, IX сургалтын төв нэмэлт сэдвээр сургалт явуулдаггүй байна;
  2. А/33 тушаалын хавсралтад заасан үлгэрчилсэн сургалтын хөтөлбөрөөс 1 сэдвийг заадаггүй, өөрөөр хэлбэл “ХАБЭА–н удирдлагын тогтолцоо–шаардлага OHSAS 18001 стандарт” сэдвийг огт заадаггүй IY сургалтын төв энэ сэдвийн 2 цагийг нөхөх хичээл заадаггүй бөгөөд дадлагын цагаар нөхдөг байна;
  3. I, II, III, IY сургалтын төв сэдвийн зөрүүг нөхдөг ч тэр нь тоогоороо дүйхгүй, дутуу байна. Эдгээр төвүүд цагийн хэмжээгээр 40 цагийг нөхөж байгаа юм;
  4. YII, YIII, X, XI, XII сургалтын төв сэдвийн зөрүүг нөхдөг ба тэр нь тоогоороо харгалзан 3, 4, 4, 1, 2–оор илүү байна.
    Хэдийгээр сэдвийг нөхөж байгаа боловч дахин дүгнэвэл:
  5. Энэ нь нэгдүгээрт, элсэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хөтөлбөрөөр сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг байж болох;
  6. Хоёрдугаарт, хэдийгээр хэрэгцээ шаардлагыг тусгасан байхыг үгүйсгэхгүй боловч даруй 3, 4, 5, 6, 8, 9 сэдвийг орхино гэдгийг хүлээн зөвшөөрөхөд бэрх.

ДҮГНЭЛТ, САНАЛ

ХАБЭА–н ажилтныг бэлтгэх тогтолцоонд шийдвэртэй өөрчлөлт хийж, ажилтны мэдлэг, чадвар, ХАБЭА–н салбарын нэр хүндийг дээшлүүлэх томоохон алхмын нэг нь сургалтын хөтөлбөрийг шинэчлэх асуудал мөн билээ. Энэ зорилгоор хийсэн судалгааныхаа ажлын үр дүнг үндэслэн практикт хэрэгжих бүрэн боломжтой дараах санал, дүгнэлтүүдийг хийж байна.

  1. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, түүний агуулга нь ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадварын шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд үнэлгээ, дүгнэлт хийх судалгааны зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэв.
  2. 9–р хүснэгтээс үзэхэд сургалтын төвүүдийн ХНХЯ–ны баталсан хөтөлбөрөөс зөрсөн сэдвийг нөхөж заадаг хичээлүүд нэгдмэл бус, давхцал нь маш бага байна. Энэ нь хөтөлбөрийг нэгдмэл болгох шаардлагатай болохыг харуулж байгаа юм.
  3. Судалгааны үр дүнд тулгуурлан ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа (санал).
  4. Энэхүү хөтөлбөр нь бүх сургалтын төв нийтлэг даган мөрдөх хөтөлбөр байх шаардлагатай.
  5. ХАБЭА–н ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг шинэчилж, цагийн агуулга, сэдэв, дэд сэдвийг тодорхой тусгаснаар шинээр бэлтгэгдэх ХАБЭА–н ажилтны мэдлэг, чадвар эрс дээшлэх боломжтой.
  6. Мөн шинэ хөтөлбөрөөр сургалт зохион байгуулснаар Сургалтын төвийн багшлах боловсон хүчин, оюуны нөөц, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад олон хүчин зүйлсэд чанарын ахиц гарах боломжтой.
  7. 3 жилд нэг удаа хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх шаардлагатай. Өнөөгийн бодит нөхцөлд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 2 чиглэлээр хийх шаардлагатай. Үүнд:
    7.1. Гаднын сургалтын байгууллагын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах сургалтын төвийн хөтөлбөрийн цагийн ба сэдвийн агуулга нь шинэчилсэн хөтөлбөрийн цагийн ба сэдвийн агуулгатай дүйх ба тэрхүү гаднын хөтөлбөрийг монгол улс итгэмжилсэн байх шаардлагатай. Энэ сургалтын төв 3 жилд нэг удаа хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдана;
    7.2. Дотоодын хөтөлбөрөөр сургалт явуулдаг сургалтын төвүүдийн хөтөлбөрийн хэрэгжилтийг магадлан, улмаар үр дүнгээр нь итгэмжлэх.
  8. Хөтөлбөрийг задалж, заах хичээлүүдийг тодорхой зааж өгсөн нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэл буюу үндсэндээ GAP анализ хийж дүгнэлт гаргахад маш чухал ач холбогдолтой.
  9. ХАБЭА–н ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА–н ажлыг тэргүүлэн зохион байгуулах чиг үүрэгтэй болохын хувьд сургалтын хөтөлбөрт менежментийн арга зүйг тусгах шаардлага ч байна.
  10. Ажил олгогч нар ба ХАБЭА–н ажилтнуудын санал асуулгын дүнгээр сургалт, зааварчилгаа хамгийн чухал ажил болох нь чухлын зэргээр ангилахад тодорхой харагдаж байна. Иймд суралцагч нарт сургалтын журам “ярьж өгөх” биш сургалт явуулдаг арга зүйг зааж өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийв.
  11. ХАБЭА–н ажилтан нь аюулгүй ажиллах арга барилд ажилтныг зан үйл болтол нь төлөвшүүлэх маш хүнд үүрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийн график төлөвлөгөөтэй их ажлын хажуугаар ажилтныг богино хугацаанд сургаж дадлагажуулахын тулд сурган–заах арга зүй, сэтгэл судлалын мэдлэг, чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Мөн ажилтны зан төлөв, хэв шинж (темперамент)–ийг таньж мэддэг, түүндээ тулгуурлан сургалтын арга зүй, аргачлалаа сонгож, сургалтаа зохион байгуулдаг байх шаардлагатай. Энэ үүднээс сургалтын хөтөлбөрт сурган–заах арга зүй, сэтгэл судлалын хичээлүүдийг оруулав.
  12. Суралцагч нар эрсдэлийн үнэлгээ хийх, ажлын байрны аюулын дүн шинжилгээ хийх, сургалт хийх зэрэг ажилтайгаа холбогдсон нэн тэргүүний асуудлаарх дадлагыг суралцах хугацаандаа төдийлөн хийдэггүй гэж үзэж хөтөлбөрт бие даалтын буюу “Даалгавар” гүйцэтгэх ажлыг нэлээд хэмжээгээр тусгав.
  13. Суралцагч нар үйлдвэрлэлийн дадлага хийж, төгсөлтийн ажил (эсвэл төгсөлтийн улсын шалгалт) бичиж хамгаалан төгсөх шаардлагыг хөтөлбөрт орууллаа.
    13.1. Дадлагын ажлыг суралцагч өөрийн аж ахуйн нэгж дээр, эсвэл сургалтын төвийн санал болгосон аж ахуйн нэгж дээр хийнэ. Дадлагын удирдамж, хөтөлбөрөөр сургалтын төвөөс хангах бөгөөд суралцагч нь дадлагын тайланг зохих агуулгаар бичиж хамгаалан дүгнүүлнэ;
    13.2. Төгсөлтийн ажил бичих заавар, стандартыг ажлын хэсэг томилон боловсруулж батлуулан Сургалтын төвүүдэд хүргэх;
    13.3. Төгсөлтийн комисс нь сургалтын төвийн 2 багш, нэг нарийн бичигтэй, гадны 2 мэргэжилтэн, нийт 5 хүнтэй байна. Комиссыг ХАБЭМТөвөөс баталдаг байх;
    13.4. Төгсөлтийн комисс нь төгсөгч нэг бүрээр төгсөлтийн хурлын протокол үйлдэж, нэгдсэн шийдвэр гаргаж хавсаргана (протоколын загварыг боловсруулах). Улмаар энэхүү хавсралт баримт бичгүүд ХАБЭМТөв рүү шилжиж сертификатын дугаар авч улсын нэгдсэн бүртгэлд орох.
  14. Сургалтын төвийн багш нарын заах хичээлийн электрон ба хэвлэмэл файлыг бүх төвүүд бэлтгэж, сургалтын материалын иж бүрдэлтэй болох. Үүнийг ХАБЭМТөв оны эцэст сургалтын хөтөлбөр ба агуулгатай нь тулгаж шалгадаг байх.
  15. Сургалтын кабинетийн стандарттай болох.
  16. Сургалтын төвүүдийн дунд шилдэг кабинет, шилдэг сурах бичиг, гарын авлага боловсруулах уралдаан зарлаж дүгнэдэг болох.
  17. Сургалтын төвүүдийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг хийж аттестатчлалын дүнд оруулан тооцох.
  18. Сургалтын төвүүдийн багш нарын чадамжийн судалгааг хийж нэгдсэн зөвлөмж боловсруулах.
  19. ХАБЭА–н ажилтан бэлтгэх сургалтын үндсэн сурах бичгийг сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулж бэлтгэн хүртээл болгох.
  20. Ажлын зар дээр ажилласан жилийн туршлага заах нь түгээмэл байдаг. Салбарын нэр хүндийг өргөж, ХАБЭА–н ажилтнаа маш сайн бэлдэж чадвал ХАБЭА–н ажилтнууд маань туршлагаар хязгаарлуулах биш, чадвараар ажилд орох боломжтой.

Ашигласан материал

[1] Очирбат Н., Соёлцэцэг Ө. “ХАБЭА–н сургалт, зааварчилгааны ач холбогдол, зохион байгуулах арга зүй, аюулгүй ажиллагааны заавар”. “Safety book–2016” хамтын бүтээл ном. Сэдэв 1.3. “Ололт амжилт” ХХК. –УБ: 2016. –21…30х.
[2] www.biznetwork.mn
[3] “NCD group” ХХК–ийн 2014 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан.
[4] “NCD group” ХХК–ийн 2015 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан.
[5] “NCD group” ХХК–ийн 2016 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан.
[6] “NCD group” ХХК–ийн 2017 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан.
[7] “NCD group” ХХК–ийн 2018 оны ХАБЭА–н үйл ажиллагааны тайлан.
[8] Очирбат Н., Соёлцэцэг Ө. “ХАБЭА–н сургалтын тогтолцооны асуудалд”. “Safety first–2015” ХАБЭА–н бага хурал. –УБ: 2015. http://www.safetyfirst.mn/wp–content/uploads/2015/04/SURGALTIN–TOGTOLTSOO_OCHIRBAT–SOYOLTSETSEG.pdf.
[8] Очирбат Н. “NCD group” ХХК–ийн ХАБЭА–н сургалтын ажлын үр дүн“. “Safety first–2016” ХАБЭА–н бага хурал. –УБ: 2016. Постер илтгэл.
[9] Очирбат Н.
“ХАБЭА–н сургалтын процессийг загварчлах”. “ХАБЭМ–ийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хурал. Илтгэлийн эмхтгэл. ХАБЭМ төв. –УБ: 2017.
[10] Очирбат Н.
“Ажилтанд ХАБЭА–н ур чадварыг төлөвшүүлэх сургалтын загвар боловсруулах нь” “Эрдэм судлал, эрдэс баялаг–2017” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын итгэлүүдийн эмхтгэл. 2017, №1/2. ISBN–978–99978–4–082–0. “Газарчин” дээд сургууль. –УБ: 2017.
[11] Очирбат Н.
“Идэвхтэй сургалтын аргад тулгуурласан ХАБЭА–н сургалтын загвар боловсруулах нь”. “Залуучууд судлал” (хүмүүжил–төлөвшил–сэхээрэл) эрдэм шинжилгээний хурал. Монголын залуучуудын холбоо. Илтгэлийн эмхтгэл. –УБ: 2017.
[12] Очирбат Н.
“Идэвхтэй сургалтын аргад тулгуурласан ХАБЭА–н сургалтын загвар”. “Компанийн нийгмийн хариуцлага, манлайлал” Бизнес удирдагчдын үндэсний IY форум.. Илтгэлийн эмхтгэл. 44–46х. –УБ: 2017.
[13] Очирбат Н.
“ХАБЭА–н сургалтын загвар”. Мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурал. –УБ: 2018.
[14] www.oshmi.mn