Н.Очирбат Нийтлэл

Н.ОЧИРБАТ #13 ДУНД ШАТНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ХАБЭА–Д МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ АСУУДАЛД

Тайлбар. Энэхүү судалгаанд суурилсан илтгэлийг зохиогч өөрийн 2016-2019 онд хийсэн судалгаандаа дулдуйдан боловсруулсан “Дунд шатны удирдах ажилтнуудыг ХАБЭА–д сургах сургалтын хөтөлбөр”–ийг үндэслэн 2019 онд бичив.

Жич: ХАБЭА–н асуудалд анхаардаг улс орны их, дээд сургуульд, тухайлбал малын эмч, сонгодог урлагийн бүжигчин зэрэг мэргэжлийн ангиудад ХАБЭА–н хичээлийг 30–аас доошгүй цагаар орж байгаа нь манай улсын ХАБЭА–н ажилтан бэлтгэдэг цагтай харьцуулбал…

Хураангуй
Аж ахуйн нэгж, байгууллагын дунд шатны удирдах ажилтнуудын ХАБЭА–н мэдлэг, чадварыг дээшлүүлэх, улмаар байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, осол, осолд дөхсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулав.

Түлхүүр үг: мэдлэг, чадвар, инженер–техникийн ажилтан, дунд шатны удирдах ажилтан, сургалтын хөтөлбөр

Судалгааны ажлын зорилго:
Аж ахуйн нэгж, байгууллагын дунд шатны удирдах ажилтнуудыг ХАБЭА–д сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах

Судалгааны арга: Онолын судалгаа.

Судалгааны объект: инженер–техникийн ажилтан, дунд шатны удирдах ажилтан.

Практик ач холбогдол:

  • Инженер–техникийн ажилтан, дунд шатны удирдах ажилтны ХАБЭА–н мэдлэг, чадварыг системтэйгээр дээшлүүлэх боломж бүрдэнэ;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА–н үйл ажиллагааны үр дүн дээшилнэ.

Монгол улсын ХАБЭА–н тухай хуулийн 180 гаруй заалтаас ажил олгогчийн үүрэгтэй холбогдох заалтуудыг түүвэрлэж авбал 99 заалт байх бөгөөд ажил олгогч тэдгээр үүргийг холбогдох албан тушаалтнуудыг тушаалаар томилон гүйцэтгүүлдэг нь “ХАБЭА бүх нийтийн үйл хэрэг” гэж үзсэний илрэл болно (1–р хүснэгт).

Мөн “Монгол улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт. ҮАМАТ–08 (ISCO–08)” (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам. УБ. 2010 он)–оос үзвэл инженерүүдийн ХАБЭА–н талаар гүйцэтгэх үүрэг тодорхой байгаа юм. Тухайлбал,

  1. Бага бүлэг 214. Инженер мэргэжилтэн (цахим–технологиос бусад). Инженер мэргэжилтэн (цахим–технологиос бусад) инженерийн төслүүдийг аюулгүй, үр ашигтай, хямд төсөр байлгах үүднээс барилга угсралт, машин, механизм, үйлдвэрлэлийн систем, тэдгээрийн бүрдэл хэсгийг суурилуулах, хамгаалах, тордох, үйлдвэрлэлийн график, ажлын шат дарааллыг төлөвлөж, зохион байгуулна.
    1. Иргэний барилга байгууламжийн инженер. Гүйцэтгэх үүрэг: н). Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудлыг өөрийн эрхэлж байгаа ажлын хүрээнд хариуцан ажиллах.
    1. Механикч инженер. Гүйцэтгэх үүрэг: д). Машин, механизм, багаж хэрэгсэл, хөдөлгүүр, үйлдвэрийн суурь төхөөрөг, тоног төхөөрөмж юмуу системийн аюулгүй, оновчтой ажиллагааг хангахад шаардлагатай хяналтын норм, стандарт, дэг журмыг тогтоох. е). Тоног төхөөрөмж, ажиллагаа, засвар арчилгаа нь тухайн загварын зориулалт, аюулгүйн стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих.
    1. Цахилгааны инженер. Гүйцэтгэх үүрэг: д). Цахилгаан үүсгүүр, түгээх систем, мотор, тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх хяналтын стандарт, дүрэм журам тогтоох.

Практикт, ялангуяа инженерингийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж төссөн иргэд эрсдэл өндөртэй салбарт хүн удирдаж, өөрөөр хэлбэл ажилчиддаа наряд өгч, зааварчилгаа өгч, тэднийг ХАБЭА–д төлөвшүүлэх, тухайлбал ХАБЭА–н тухай хуулийн 27.5–д заасан ажил үүрэг гүйцэтгэх ёстой атал их, дээд сургуулийнхаа танхимд ХАБЭА–н хичээл үзэхгүй шахам төгсөж байгаа нь учир дутагдалтай.

Их дээд сургуульд гадаад хэлийг 6–9 кредит цагаар судалж байгаа боловч ажил олгогчийн шаардлагыг хангасан гадаад хэлтэй төгсөж чадахгүй байгаа нь ажил горилогчид, ажилд шинээр орогчидтой хийсэн ярилцлагуудаас тогтмол ажиглагдаж байдаг. Энэ нь оюутны сурах идэвх, багшийн сургах арга барилтай аль алинтай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Гадаад хэлний хичээлд ийм хэмжээний цаг төлөвлөдөг атлаа ХАБЭА–н хичээлд нэг улирлын 16 долоо хоногийн 7 хоног бүр ядаж нэг удаа лекцээр зохион байгуулагдах 2 кредит цагийн буюу 32 цагийн хичээлийг оруулдаг байх нь нийгмийн захиалга мөн болоод байна.

Манай улс оюутнуудаа ХАБЭА–д сургалгүй төгсгөснөөр шинэ инженерүүд удирдлага дороо ажилладаг ажилтнууддаа ямар төрлийн зааварчилгааг ямар үе шаттайгаар хэрхэн өгөх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, ХАБЭА–н шаардлага, стандартын төрөл бүрийн хяналтыг хэрхэн хийхийг мэдэхгүй байгаагаас зөрчлийн илрүүлэлт, эрсдэлийг үнэлэх, тэдгээрийн хор хохирлоос урьдчилан сэргийлэх ажил чанаргүй хийгдэж байна. ХАБЭА–н хяналт сул байснаар бүтээгдэхүүний чанарын доголдол ч гарч байгаа нь бодитой үнэн. “Эрсдэлийн үнэлгээг банкныхан л хийдэг юм биш үү?” хэмээн асууж байсан төгсөгчийн энэ асуулт “Сухомлинский чинь кино жүжигчин билүү?” гэсэнтэй агаар нэг сонсогдож байв.

Хатуухан хэлбэл аюулгүй ажиллагааны арга барилд онолын түвшинд суралцаагүй “удирдах ажилтан”– ыг төгсгөж буй их, дээд сургуулиудыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тоо хэмжээнд “хувь нэмэр” оруулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.

ОХУ болон бусад улсын их, дээд сургуульд, зөвхөн инженерийн мэргэжлийн биш, бусад олон төрлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт аюулгүй ажиллагааны хичээлийг оруулсны үр дүнг ОХУ–ын үйлдвэрлэлийн ослын тоон мэдээг монгол улсынхтай харьцуулсан үзүүлэлтээс харж болно (2–р хүснэгт).

Мөн Монгол улс үйлдвэрлэлийн ослын тоогоороо ХЭМАБ–ын түвшин хөгжингүй орнуудаас 5.3 дахин, Европын буюу 1990 онд социалист систем задрахад зах зээлийн нийгэмд цуг шилжсэн орнуудаас 2.2 дахин, Зүүн өмнөд азийн орнуудаас 1.8 дахин өндөр бөгөөд Африкийн хөгжил муутай орнуудаас 20%–иар өндөр байна. Ослын тоогоороо манай улс Афганистан улстай тэнцүү тоотой байна.
Эх сурвалж: 2014 онд ХБНГУ–ын Франкфурт хотод болсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэлхийн чуулга уулзалтанд үйлдвэрлэлийн ослыг улс орнуудаар болон бүсчлэн гаргаж эдийн засгийн идэвхтэй хүн амд нь харьцуулсан илтгэл.

ОХУ нь иргэнээ бага, дунд сургуульд элсэн орж суралцах наснаас нь эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах дадал хэвшил олгох хичээлийг боловсролын системээрээ дамжуулан хийснээр иргэн нь багаасаа энэ дадалд суралцаж төлөвшдөг байна. Улмаар хүүхдийг их, дээд сургууль, коллежид орж суралцахад нь дахин аюулгүй ажиллагааны хичээлийг зааж буй нь насан туршийнх нь маш том хөрөнгө оруулалт болж байна.

Манай улсын зарим их, дээд сургуульд ХАБЭА–н хичээл зааж байгаа ч шинэ төгсөгч нарын зарим нь сонгон судлаагүй (диплом дээр нь ХАБЭА–н хичээл гэж бичигдээгүй), үзсэн зарим нь суурь ойлголтгүй ирж байна.

Тухайлбал, тоног төхөөрөмжийг (барилгын люлька, өргүүр, кран г.м) угсарч, суурилуулахдаа заавал мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар угсруулж, магадлагаа, дүгнэлт гаргуулсны дараа ашигладаг гэдгийг мэддэггүй, тэрхүү асуудлыг ХАБЭА–н багш нь заагаагүй гэж үзэхээр байдаг жишээ түгээмэл бий. Практикт тохиолдож буй бэрхшээл, зөрчлөөс нэгийг сонгон авъя.

  • Тоног төхөөрөмжийг эзэмшигч аж ахуйн нэгж өөрөө түүнийг угсарчихдаг (тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр угсруулдаггүй);
  • Угсарчихаад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр акт бичүүлчихдэг;
  • Аж ахуйн нэгжид ХАБЭА–н ажилтнаар ирж буй шинэ төгсөгчийн мэдлэг багатайг далимдуулж дээрх үйлдлээ хийдэг;
  • Энэ байдлаас болж осол гарвал ямар үр дагавар гарахыг үл тоож, ажлаа явуулахаа боддог сэтгэлгээ оршсоор байдаг;
  • Тоног төхөөрөмжийг угсарч, ашиглалтанд бэлтгэсэн энэхүү процедур алдаатай болохыг “хуучин” ХАБЭА–н ажилтнууд хяналтаар илрүүлж ажлыг зогсооход маргаан үүсдэг;
  • Зүй нь “хуучин” ХАБЭА–н ажилтны зэрэгцээ тоног төхөөрөмжийг хариуцсан ИТА нарын хяналт эхний ээлжинд хийгддэг байх шаардлагатай боловч инженер–техникийн ажилтнуудын (ИТА) ХАБЭА–н мэдлэг дутмаг, ажил хамгийн чухал гэдэг сэтгэлгээтэй тул дээрх зөрчил гарсаар байна.
    Энэхүү бодит жишээнээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
  1. ИТА нарыг ХАБЭА–д бэлтгэх сургалтын хөтөлбөрийг А/33 тоот тушаалын хавсралтад нэмэлтээр оруулах;
  2. Их, дээд сургуулийн ХАБЭА–н багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулдаг тогтолцоонд шилжих;
  3. Хичээлийг чанаргүй заасан нь оюутны авсан дүн ба практикт гаргасан алдаа үл нийцэж байвал багшид арга хэмжээг тооцдог механизмыг судлах шаардлагатай;
  4. ХАБЭА–н тухай хуулийн 27.4–т ХАБЭА–н ажилтанд тавигдах шаардлагыг тодорхой заасны нэг адил ХАБЭА–н багшид тавигдах шаардлагыг хуульд оруулж өгч болох юм;
  5. Мөн ХАБЭА–н багш нар тухайн сургуулийнхаа нийт багш, ажилтанд А/33 тоот тушаалын дагуу “Нийт ажилтны ХАБЭА–н сургалт”–ыг хийх шаардлагатай. Нийт ажилтны сургалтыг үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын зэрэгцээ сургуулиуд хийдэг байх шаардлагатай.

Дээрх 5 дүгнэлтийн 1–р дүгнэлтийг гаргах мөн нэг үндэслэл бий. ХАБЭА–н тухай хуулийн 27.5–д ИТА нарын үүргийг тодорхой заасан боловч дунд шатны удирдах ажилтныг ХАБЭА–д сургах, дадлагажуулах талаар хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Үүнийг А/33 тоот тушаалын хавсралтуудаас харж болно.
ХАБЭА–н тухай хуулийн “27.5. Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод ХАБЭА–н талаар дараах чиг үүргийг тусгана” хэмээн заасан бөгөөд дурдсан албан тушаалтнууд нь:

  • Цехийн, ээлжийн мастер,
  • Механик,
  • Цахилгааны инженер,
  • Төслийн менежер, талбайн инженер,
  • Ерөнхий ня–бо,
  • Ахлах эдийн засагч,
  • Ээлжийн ахлах,
  • Ахлах тогооч,
  • Тасгийн эрхлэгч (эмнэлэг),
  • Монгол хэл, уран зохиолын заах аргын нэгдэл (дунд сургууль)–ийн ахлагч,
  • Тэнхимийн эрхлэгч, профессор (их, дээд сургууль, коллеж),
  • Багийн ахлагч (биеийн тамир, спорт),
  • Зохион байгуулагч зэрэг доод албан тушаалтандаа ажлын даалгавар (наряд), үүрэг өгдөг бүх албан тушаалтан хамаарна.
1–р зураг. Аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА–н чиг үүргийн бүтэц

ИТА буюу дунд шатны удирдах ажилтнууд ямар чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг авч үзье.

7–р хүснэгтээс үзвэл “Нэгжийн ИТА бол нэгжийн ХАБЭА–н ажилтан мөн” гэсэн логик харагдаж байна.
Ийм том үүргийг, өөрөөр хэлбэл ХАБЭА–н үйл ажиллагааг “Хэрэгжүүлэгч агентлаг”–ийн үүргийг хүлээлгэсэн боловч их, дээд сургуульд суралцах явцад нь ХАБЭА–н суурь мэдлэг олгохгүй төгсгөдөг алдаа нэгэнт бүрдсэн гэж дүгнэхэд хүрэв.

Энэ нь аюулгүй ажиллагаанд хангалттай суралцаагүй хүнээр аюулгүй ажиллагааны удирдагч хийлгэж байгаатай ялгаагүй юм.
Иймд чиг үүргүүдийн агуулгыг багтаасан сургалтын хөтөлбөрийг боловсруулав.

ДҮГНЭЛТ

  1. Аж ахуйн нэгж, байгууллагын дунд шатны удирдах ажилтан нь ХАБЭА–н үйл ажиллагааг нэгжүүддээ гардан зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангах үүрэгтэй болохын хувьд ХАБЭА–н арга зүйд суралцсан байх зарчмын дагуу “Дунд шатны удирдах ажилтныг ХАБЭА–д сургах хөтөлбөр”–ийг боловсруулав.
  2. Хөтөлбөр нь 7 модуль, 67 сэдэв бүхий нийт 40 цагийн агуулгатай байна.
  3. ХАБЭА–н талаар гүйцэтгэх үүргийн хувьд нэгжийн дунд шатны удирдах ажилтан нь нэгжийн ХАБЭА–н ажилтны хэмжээнд ажиллаж, удирдлагадаа ажилладаг ажилтнуудыг ХАБЭА–н арга зүйгээр хангаж, тэднийг аюулгүй ажиллах арга барилд төлөвшүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцохын хувьд энэхүү хөтөлбөрөөр суралцаж батламж авсан байх шаардлагатай.
  4. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА–н зөрчил буурахад ихээхэн ач холбогдолтой.

Ашигласан материал

[1] Очирбат Н., Соёлцэцэг Ө. “Захиалагч ба гүйцэтгэгчийн ХАБЭА–н хамтын ажиллагаа”. “Safety book–2016” хамтын бүтээл ном. Сэдэв 1.2. “Ололт амжилт” ХХК. –УБ: 2016. –21…30х.
[2] Очирбат Н., Соёлцэцэг Ө. “ХАБЭА–н сургалтын тогтолцооны асуудалд”. “Safety first–2015” ХАБЭА–н бага хурал. –УБ: 2015. http://www.safetyfirst.mn/wp–content/uploads/2015/04/SURGALTIN–TOGTOLTSOO_OCHIRBAT–SOYOLTSETSEG.pdf.
[3] Очирбат Н. “NCD group” ХХК–ийн ХАБЭА–н сургалтын ажлын үр дүн“. “Safety first–2016” ХАБЭА–н бага хурал. –УБ: 2016. Постер илтгэл.
[4] Очирбат Н.
“ХАБЭА–н сургалтын загвар”. Мэргэжлийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурал. –УБ: 2018.