Н.Очирбат Нийтлэл

Н.ОЧИРБАТ #14 СЭРЭЭТ ӨРГҮҮРИЙН ОПЕРАТОРЫН ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН СУДАЛГАА

Нэг. АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

NCD группийн сэрээт өргүүрийн операторын ажлын байрны эрсдэлийг үнэлэх, дүгнэлт гаргах зорилгоор математик загварчлалыг ашиглав.
NCD группийн сэрээт өргүүрийн оператор нь дараах ажилбаруудыг гүйцэтгэдэг. Үүнд:

  1. Ачааг буулгах:
    1.1. Том оврын, хүнд даацын ачааны машинаас ачааг бэлдсэн талбайд харьцангуй богино зайд тээвэрлэн аваачиж буулгах (тэвш ба бүхээгээс чирж татах, өргөж буулгах);
    1.2. Ачааг харьцангуй хол зайд тээвэрлэн аваачиж агуулахад буулгах.
  2. Ачааг ачих (хураах):
    2.1. Том оврын, хүнд даацын ачааны машинд ачааг ачих;
    2.2. Ачааг бага оврын ачааны машинд ачих;
    2.3. Ачааг агуулахын зохих байранд хураах (буулгах).
  3. Ачааг тээвэрлэх:
    3.1. Ачааг харьцангуй богино зайд тээвэрлэх (ачааг буулгаж хураах);
    3.2. Ачааг харьцангуй хол зайд тээвэрлэх (ачаа өргөж орон сууцны зоорийн давхрын агуулах руу өөрийн хөдөлгөөнөөр тээвэрлэн аваачих. Энэ тохиолдолд замын гадаргууны нөхцөл – хэвтээ, налуу хазайлт, замын муруйлт, гадаргууны үндсэн эсэргүүцэл харьцангуй сайн).
    3.3. Ачааг харьцангуй хол зайд тээвэрлэх (ачаа өргөж барилгын талбайн агуулах руу өөрийн хөдөлгөөнөөр тээвэрлэн аваачих. Энэ тохиолдолд замын гадаргууны нөхцөл – хэвтээ, налуу хазайлт, замын муруйлт, гадаргууны үндсэн эсэргүүцэл харьцангуй их).
  4. Хоосон явалт:
    4.1. Зохих цэгт очиж парклах;
    4.2. Сэлгээ (маневр) хийх;
    4.3. Ачааг буулгаад ачих (өргөх) цэг рүү буцах.
1 дүгээр зураг. Сэрээт өргүүрийн ерөнхий төрх:
1–мачта; 2–өргөх гинжин дамжлага; 3–операторын кабины арал; 4–операторын суудал; 5–арын гэрэл; 6–эсрэг ачаа; 7–арын дугуй, жолооны мост; 8–капот; 9–мачта налуулах гидроцилиндр; 10–урд дугуй, хөтлөх мост; 11–сэрээ; 12–каретка; 13–кареткийн хамгаалах арал

Сэрээт өргүүр нь дээр дурдсан бүх ажлыг гүйцэтгэхдээ ажлын нийт цагийн 80–аас дээш хувийг (одоогоор энэ статистик батлагдаагүй боловч хронометраж, ажиглалтын дүнгээр хангагдана) байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд, ил задгай орчинд өнгөрүүлдэг.
Сэрээт өргүүрийн операторын үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлс нь доргио, чичиргээ, шуугиан, температурын хэт халалт, мөн хэт багасалт, хайруу салхи, бороо, цасны нөлөө, гар утсанд дуудлага ирэх, ажлын явцад ХЭМАБ–ын ажилтан дохиогоор хөдөлгөөөнийг зогсоох зэрэг болно.

ХОЁР. СЭРЭЭТ ӨРГҮҮРИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ОНЦЛОГ

Сэрээт өргүүрийн оператор нь “Монгол улсын үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт. ҮАМАТ–08 (ISCO–08)” (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам. УБ. 2010 он) дагуу дараах ангилалд хамаарна.

2 дугаар зураг. Сэрээт өргүүрийн операторын ҮАМАТ дахь ангилал

Сэрээт өргүүрийн операторын үйл ажиллагаа дараах албан бичиг баримтаар зохицуулагдана. Үүнд:

  • Барилгын норм ба дүрэм;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм;
  • Байгууллагын дотоод стандарт;
  • Барилгын талбай, агуулахад мөрдөх дүрэм, журам;
  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам;
  • Операторын мөрдөх аюулгүй ажиллагааны заавар.

Сэрээт өргүүрийн операторын мэдсэн байвал зохих зүйлс:

  • Тухайн сэрээт өргүүрийн үйлдвэрлэгчээс ирүүлсэн ашиглалтын заавар;
  • Сэрээт өргүүрийн бүтэц, ажиллагаа, дээд даац;
  • Ачааг аюулгүй өргөх, буулгах, бэхлэх, тээвэрлэх арга, холбогдох заавар;
  • Сэрээт өргүүрийг ажилд бэлтгэх, ачааны сав, баглаа боодлыг шалгах;
  • Галын аюулгүй байдлыг ханган ажиллах арга барил;
  • Цахилгаан дамжуулах кабель болон агаарын шугамд сэрээт өргүүрийн бүтцийн хэсгээр холбогдох үед машинаа аюулгүй чөлөөлөх арга;
  • Цахилгаан соронзон орны үйлчлэлд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ;
  • Бэртэл, гэмтэлд үзүүлэх анхны тусламж.

Сэрээт өргүүрийн ээлжийн (орлон ажиллах) оператор дээрх мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.
Ээлж хүлээлцэх үед хоёр оператор зохих зүйлсийг шалгаж, ээлж хүлээлцэх дэвтэрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай. Ажилдаа ямар нэг шалтгаанаар ирж амжаагүй операторыг орлож ажиллах оператор нь сэрээт өргүүрийг ажиллуулахдаа механик инженертэй хамтран дараах зүйлсийг шалгаж машинаа хүлээн авах нь зүйд нийцнэ. Энд орлон ажиллах операторын хувийн бэлэн байдал ч хамаарна.

  • Механик инженерээс өдөр тутмын ажлын зааварчилгаа авах;
  • Ээлжийн үзлэг, үйлчилгээг зохих цэгүүдэд хийсэн байдал;
  • Хувийн хамгаалах хэрэгслийн бэлэн байдал;
  • Галын хорны бэлэн байдал;
  • Кабины эмх цэгц, цэвэрлэгээ, үзэгдэх орчныг сайтар хангасан байдал, засварын багаж, тосолгооны материалыг сэрээт өргүүрийн кабинд бус, зөвшөөрсөн хэсэгт зөв хураасан эсэх (ажлын байрны 5S гэж ойлгож болно);
  • Ажил, амралтын горим;
  • ХАБЭА–н тухай хуулиар олгогдсон ажилтны эдлэх эрх, хүлээх үүрэг (хуулийн 3–р бүлгийн 18.1, 18.2);
  • Ажлын байрны тодорхойлолт;
  • Бүрэн бус, найдвартай ажиллагаа хангагдаагүй бол ашиглахгүй байх.

Сэрээт өргүүрийн операторын биеийн байдал ажил гүйцэтгэхэд бэлэн байхын зэрэгцээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Самбаачлах хугацаа маш богино байх;
  • Тэвчээртэй байх (гадны цочроох нөлөөнд зан ааш тогтуун байх);
  • Анхаарлын төвлөрөлт, хуваарилалт уян хатан байх;
  • Хос эрхтэн (хамар, гар, хөл, нүд) мэдрэг ажилладаг байх;
  • Хүмүүжил, ухамсар, хандлага сайн байх;
  • Өөрийн хяналт сайн байх гэх мэт.

Гурав. ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮН

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх талаар төрөөс гаргасан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам батлах тухай” (Хөдөлмөрийн сайдын тушаал. 2015 он. №А/223) баримт бичгийн дагуу зохион байгуулсаар ирэв.
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг өөрийн дотоод онцлогтойгоо уялдуулж:

  1. Ажлын байр шинээр нэмэгдэх (шинэ төслийн талбай, шинэ агуулахад ажиллах, эсвэл шинэ сэрээт өргүүрийг ашиглалтанд хүлээн авах г.м);
  2. Технологийн процесс өөрчлөгдөх;
  3. Өргөх, хураах, буулгах, тээвэрлэх материалын шинж байдал, төрөл өөрчлөгдөх;
  4. Үйлдвэрлэлийн аюултай ба хортой хүчин зүйлийн үйлчлэл бүхий ажлын байрны тоо нэмэгдэх;
  5. Осолд дөхсөн тохиолдол гарах;
  6. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл бүртгэгдэх зэрэг нөхцөлүүдэд эрсдэлийн үнэлгээтэй хамтад нь хийж байх нь зүйтэй гэж үзэж байна.

1 дүгээр хүснэгт

Сэрээт өргүүрийн операторын ажлын байран дахь үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн үйлчлэлийн (хөдөлмөрийн нөхцөлийн) судалгааны дүн

Дөрөв. ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙГ МАТЕМАТИК АРГААР ҮНЭЛЭХ НЬ

Сэрээт өргүүрийн операторын хөдөлмөрийн нөхцөлийг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үнэлэх математик аргын ач холбогдол нь операторын ажлын туршлага, ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр үүсэх эрсдэлийн өөрчлөлтийг үнэлэхэд оршино.

4.1. Сэрээт өргүүрийн операторын мэргэжлийн эрсдэлийн үнэлгээ

Тооцоонд сэрээт өргүүрийн операторын ажлын байрны үйлдвэрлэлийн орчны физикийн хүчин зүйлсийн утгыг ашиглав.
Тооцоонд шаардлагатай гэж үзээд 1 дүгээр хүснэгтийн өгөгдлүүдээс (МХЕГ–ын харъяа лабораторийн манайд хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланд нэлээд хэмжээний үзүүлэлт дутуу байсан тул тус хүснэгтэд “од”–оор тэмдэглэсэн үзүүлэлтүүдийг НХХЯ–ны харъяа ХАБЭМТөвийн мэргэжилтнүүдээс ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сэрээт өргүүрийн ажлын байрны үзүүлэлтээс авав) дараах үзүүлэлтүүдийг сонгон авч 2 дугаар хүснэгтээр нэгтгэн үзүүлэв.

2 дугаар хүснэгт

Сэрээт өргүүрийн операторын ажлын байрны үйлдвэрлэлийн орчны физикийн хүчин зүйлс

Тоон үнэлгээний аргыг ашиглаж өгсөн үнэлгээг 3 дугаар хүснэгтэд үзүүлье.

3 дугаар хүснэгт

Хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйлийн тоон үнэлгээ

Сэрээт өргүүрийн операторын хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлөөр ажиллаад тэтгэвэрт гарах хугацааг T=25 жил гэж үзээд хугацааны тодорхой мөчлөгт мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх магадлалыг тогтооё.
t=1жил гэвэл:

Сэрээт өргүүрийн операторын ажиллах жил ахих бүр мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдөх эрсдэлийн түвшин нэмэгдэж (4%, 17%, 31%) байгаа нь ийнхүү аналитик аргаар нотлогдож байна.

Өдгөө манайд хэрэглэж буй эрсдэлийн үнэлгээний аргачлал (журам батлагдсан) нь баримжаа төсөөлөлд тулгуурласан төгс бус арга бөгөөд тэрхүү аргачлалыг улам боловсронгуй болгож, математик аргыг хэрэглэвэл магадлах үнэн нь төдий хэмжээгээр нэмэгдэх бүрэн боломжтой.