Онцлох зочин

“БОЛЗОЛТ УРАЛДААНД ОРОЛЦСОНООР АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАБЭА-Н ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГАА БУСДАД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ”

ХАБЭМТөвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэн

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “ Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн болзолт уралдаанд оролцох аж ахуйн нэгж байгууллагын материалыг хүлээн аваад эхэлсэн. Энэ талаар ХАБЭМТөвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа. 

-“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2020” болзолт уралдааныг хэд дэхь жилдээ зохион байгуулж байна вэ. Уралдаанд оролцох аж ахуйн нэгж байгууллагын оролцоо жил ирэх тусам нэмэгдэх хандлага байна уу?

-Тус болзолт уралдааныг 2011 оноос хойш уламжлал болгон 10 жил тасралтгүй зохион байгуулж ирлээ. Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцох боломжтой. 10 жилийн хугацаанд нийт 78 аж ахуйн нэгж, байгууллага эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарч, шагналын эзэд болсон байдаг. Жилдээ нийслэл болон орон нутгаас 50-60 аж ахуйн нэгж байгууллага материалаа ирүүлж оролцдог. Ерөнхийдөө жил ирэх тусам уралдаанд оролцох аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэж байна. Үүнээс гадна уралдаанд ирүүлж буй материалын хувьд чанаржиж байгаа нь илүү сайшаалтай. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагууд ажилчидынхаа эрүүл мэнд, тэдний ажиллах орчин нөхцөлыг сайжруулах, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа нэн тэргүүнд тавьдаг байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь л болзолт уралдааны үр дүн юм.

-Энэ жилийн болзолт уралдааны онцлог нь юу байв.  Өнөөдрийн байдлаар хэдэн аж ахуйн нэгж байгууллагын материал ирээд байна вэ?

-Дотоодод “ковид-19” халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс үүдэн хөл хорио тогтоогоод байсан. Үүнтэй холбоотой болзолт уралдааны шалгаруулалт хойшилсон. Тодруулбал, 1-р шатны шалгаруулалтын материалыг 3 дугаар сарын 10-ныг хүртэл  хүлээн авахаар хойшлуулсан. Өнөөдрийн байдлаар ААНБ-д материалаа ирүүлсээр байна. Шинэчилсэн журмын дагуу салбар яамдын ХАБЭА-н салбар хороо, Аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүд маш идэвхтэй ажиллаж байна.

-Материалаа ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллагууд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Аж ахуйн нэгж байгууллагууд материал ирүүлэхдээ “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах журмын хавсралтаар баталсан 100 онооны шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ ХАБЭА-н удирдлага зохион байгуулалт, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тэргүүн туршлага, үйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шаардлага стандарт, ажилтны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулахад авч буй арга хэмжээ зэрэг гол шалгуур үзүүлэлтийг хангах нь чухал.

-Болзолт уралдааны  шинэчлэгдсэн журмын талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдсан. Журмын дагуу энэ жилийн уралдаан 2 үе шаттай  зохион байгуулагдаж байна.

Анхан шатны шалгаруулалт:

  • Харъяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор бүртгэн, хүлээн авна.
  • Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүртгэн хүлээн авсан материалыг 01 дүгээр сарын 30-ны дотор журамд заасан хамаарлаар ХАБЭА-н салбар хороо болон ХАБЭА-н зөвлөлд тус тус хүргүүлнэ.

 Эхний шатны шалгаруулалт:

Холбогдох яамдын ХАБЭА-н салбар хороо болон  Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөл тус тусдаа журамд заасан шалгуурыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, дүгнэсэн дүн, шалгарсан байгууллагын материалыг 03 дугаар сарын 01-ний дотор мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага буюу манай төвд ирүүлдэг.

Хоёр дахь шатны шалгаруулалт:

 “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, ирүүлсэн материалыг журмын шалгуурыг үндэслэн 03 дугаар сарын 25-ны дотор сонгон шалгаруулна. Эцсийн сонгон шалгаруулалтыг дүнг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаар хэлэлцэж, шагналын эздийг тодруулдаг.

-Уралдааны гол ач холбогдол юу вэ?

-Болзолт уралдаанд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилах, сайн туршлага, шинэлэг арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж нээгддэг. Уралдааны гол ач холбогдол бол ажилтан хүнийг эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байрны тоог нэмэгдүүлэх тэднийг урамшуулан  дэмжих явдал юм.  Ер нь хөдөлмөрчин хүний эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангах ажил олгогчид, ажилтан, албан хаагчид өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгойлон  анхаарал хандуулах,  төр, хувийн хэвшлийн байгууллагууд ХАБЭА-н асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон тавих хэрэгтэй. 

Эх сурвалж: http://www.habemt.gov.mn/