Мэдээ, мэдээлэл Үйл явдлын мэдээ

МҮЭХ: Нийслэлд баригдаж буй барилгад үзлэг хийж эхэллээ

МҮЭ-ийн холбоо санаачлан Нийслэлд баригдаж байгаа барилгын талбайд өдрөөр буюу цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн Хөдөлмөрийн нөхцөлд МХЕГ, НМХГ-тай хамтран /2020.10.13/ үзлэг хийж эхэллээ.
МҮЭХ-ны ХХХБГ-ын мэргэжилтэн Д.Баттөгөлдөр, МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын Ахлах байцаагч Ш.Хонгорзул, П.Чойсүрэн /НМХГ/ нар “Хүрд” ХХК, “Ди Ар Жей” ХХК, “Си Ди Ар Пи” констракшн, “Креатив Инженеринг” ХХК зэрэг компаниудын барьж буй барилгаар орж хөдөлмөрийн гэрээ, ХАБЭА-н шаардлага стандарт, Ажил, амралтын цаг, цалин хөлсний зохицуулалтад үзлэг хийв.
“Хүрд” ХХК нь гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дулааны станцын угсралтын ажил хийж байна. Бусад туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулж, тухай байгууллагууд нь ажилчдынхаа нийгмийн асуудал, ХАБЭА-н асуудлыг хариуцдаг гэлээ.
Төсөл хариуцсан менежерийн хэлж буйгаар есдүгээр сарын 1-нээс Барилгын коллеж, Политехник коллеж, МҮДС-ийн оюутнуудтай гурвалсан гэрээгээр цалинтай ажиллуулдаг гэсэн ч оюутнууд үгүйсгэж байв.
“Ди Ар Жей” ХХК-ийн 27 инженер, техникийн ажилчид, харуул хамгаалалтынхан өнөөдөр ажил гүйцэтгэж байгаа аж. Өдрөөр ажилтан авдаггүй, 20-50 насны үндсэн ажилчидтай гэж Ерөнхий инженер нь танилцуулсан. Тус компанийн ажлын талбар дахь гарц, орц, тэмдэг тэмдэглэгээ, ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй байгааг шалгалтын багийнхан сануулж, ХАБЭА-н хяналтын хуудсын дагуу ажиллаж, илтгэхийг даалгалаа.
“Си Ди Ар Пи” констракшнд 40 гаруй хүн ажиллаж байгаагаас бүгд хөдөлмөрийн гэрээтэй. 9 туслан гүйцэтгэгч компанийн ХАБЭА-н ажилтнууд өөрсдийн ажилтнууддаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам өгч байгаа бол Захиалагч талын Хөдөлмөр хамгааллын инженер тэдэнд давхар зааварчилгаа өгдөг гэлээ.
“Креатив Инженеринг” ХХК нь өдрийн 50 мянган төгрөгөөр түр ажилчин авъя ч гэсэн олддоггүй. Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэгтгэсэн компаниас 8 ажилчин цалинжуулан ажиллуулж байна. Урьд нь эдгээр хүмүүс цалин хөлсөө авч чадахгүй олон удаа хохирч байсан. Харин одоо энэ компанид итгэлтэй ажиллаж байгаа хэмээн нэгэн төлөөлөл нь хэлмэрчээр дамжуулан ярилаа.
Эх сурвалж: https://www.facebook.com/MUEHolboo

Leave a Reply

Your email address will not be published.