Онцлох зочин

Ё.ТУНГАЛАГ: ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБААРАА АЖИЛЛАЖ БАЙНА

+100: Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.
⁃ Сайн сайн байна уу? Баярлалаа. Таньд ч бас өдрийн мэнд хүргэе.
+100: Та өөрийгөө танилцуулаач.
⁃ Намайг Ёндонжамцын Тунгалаг гэдэг. Эрдэнэтийн ДЦС ТӨХК-д ХАБЭА- н инженерээр ажилладаг.
+100: Гараа угаая, Маскаа зүүе уриатай аяныг өрнүүлсэн байсан. Компаний тань ажилчид яаж хүлээж авч байна вэ?
⁃ Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан компанийн гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, ажлын төлөвлөгөө гарган КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн олон талт шуурхай арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Гүйцэтгэх захирлын санаачилгаар “Маскаа зүүе, Гараа угаая”, “Хамтдаа хамгаалъя” гэдэг уриалгыг гарган зурагт хуудас, видео зөвлөмжийн эх загварыг холбооны инженер Г.Төгөлдөр бэлтгэн боловсруулж, компанийн дотоод сүлжээ болон албан фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээж байна. Манай ажилчид маш хариуцлагатайгаар өөрсдийгөө болон гэр бүл, хамт олныхоо төлөө уриалгыг дэмжиж хүлээж авсан. Анх КОВИД-19 вирусын дэгдэлт ихсэж Улсын Онцгой Комиссын “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх” шийдвэрийн дагуу 2020.02.19-ний өдөр Гүйцэтгэх захирлын А/21 тоот тушаал гарсанаас хойш өнөөдрийг хүртэл байгууллага дээрээ халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөж байна.
+100: Байгууллагын зүгээс дэмжлэг туслалцаа хэрхэн үзүүлж байна вэ?
⁃ Мэдээж дэмжиж байгаа. Гамшгаас хамгаалах штабыг Гүйцэтгэх захирал өөрөө удирдан ажиллаж байгаа. Мөн гамшгаас хамгаалах штабд үйлдвэрлэл эрхэлсэн Дэд захирал буюу Ерөнхий инженер, Санхүү эдийн засаг эрхэлсэн дэд захирал, Захиргаа удирдлагын хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс, ХАБЭА-н инженерүүд, Сургалтын мэргэжилтэн, Эрүүл ахуйч эмч, Мэдээлэл холбооны инженер гэх мэт бүх чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Байгууллагын зүгээс вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажилчдаа витаминжуулалт, томуугийн вакцинжуулалтанд хамржжлах зэргээр олон ажиллагааг оновчтой зохион байгуулж, маш сайн ажиллаж байна.
+100: Амны хаалт, гар ариутгагч зэрэг хувийн хамгаалах хэрэгсэлээр хэрхэн хангаж байгаа вэ?
⁃ Амны хаалтыг сар бүрийн норм дээр нэмж олгож байна. Станцын хэмжээнд байгаа бүх ариун цэврийн өрөө, душ, цайны газар, ажлын байр болон ахуйн байрны угаалтууруудад гар ариутгагч байрлуулсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хоолонд орохын өмнө гараа угааж, хоорондын зай хэмжээг барин орж хэвшсэн.
+100: Сард нэг хүнд хэдэн ширхэг амны хаалт норм болгон өгч байгаа вэ?
⁃ Ажлын нөхцөлөөс хамаараад сард 5-10 ширхэг даавуун амны хаалт өгдөг. Анх ковид-19 цар тахалын эхэн үед амны хаалтны хомсдол үүссэхэд станцын удирдлага шийдвэр гаргаж алба, хэлтэс, цех бүр хамтран өөрсдийн хүчээр 5000 ширхэг даавуун амны хаалт оёж, хүн бүрт өгсөн, тоосжилттой орчинд ажилладаг ажилчиддаа хошуувч нэмэлтээр өгдөг.

+100: Сэжигтэй тохиолдол илвэрвэл ямар шат дараалалтай ажиллах төлөвлөгөө гаргасан бэ?
⁃ Станцын гамшгаас хамгаалах штаб нь Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрчим хүчний яам болон Орхон аймгийн засаг даргын захирамж, тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өдөр бүр хуралдаж, цаг үеийн холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх, тулгамдаж байгаа нөхцөл байдалд тохирсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэжигтэй тохиолдол илэрвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний 27 заалт бүхий төлөвлөгөө гаргасан. Яг халдвар илэрсэн тохиолдолд хоёр ээлж станц дээр үүрэг гүйцэтгэж ажиллах арга хэмжээний 22 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан гаргасан байгаа.
Станц дээр байрлаж ажиллах нөхцөл гарвал ээлжийн ажилчдын амрах байрыг тохижуулж бэлдсэн. Хорио цээрийн дэглэмийн үед урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд анхааруулга санамж материалыг наах, зай хэмжээг барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх, илчлэг сайтай хоол хүнсээр хангах, дархлаа дэмжих бүтээгдэхүүн аарц, чацарганы жүүс, витамин, ажлын таван хурууны бээлий, ариутгалын бодис зэргийг нэмэлтээр хангаж, байгууллагын дотоод сүлжээ болон албан ёсны пэйж хуудас группээр дамжуулан вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж, уриалгыг хүргэж эерэг хандлага төлөвшүүлэн ажиллаж байна.
+100: Санхүү талаасаа эрсдлийн сан байгаа юу? Эрсдэлийн сангаа яаж бүрдүүлдэг вэ?
⁃Гамшгаас хамгаалах хуулийн 51 дүгээр зүйлд аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1,5 хувийг төлөвлөж зарцуулна гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, онцгой байдлын үед зарцуулдаг. Өнөөдрийн байдлаар халдвараас урьдчилан сэргийлэхэд 20.9 сая төгрөг төсөвлөөд байна.
+100: Бусад мэргэжил нэгт ХАБ-ууддаа ямар санамж зөвлөмж хүргүүлэх вэ?
⁃ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан нь хүн нэг бүрийн төлөө алхам тутамд урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдлийг бууруулан ажиллахад хяналт тавьж хүний төлөө аваар осол гаргахгүйн төлөө ажилладаг болохоор аливаа зүйлд хянуур хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөгөө зөвлөмжүүдийг сайн дагаж, сурталчилж, мөн өөрийн байгууллагын лого бүхий товч зөвлөгөө уриалгыг гаргаж бусдад сурталчилах нь ажилчдын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байгууллагаараа бахархах сэтгэлийг төрүүлдэг юм шүү. Мөн ийм хүнд хэцүү эрсдэлтэй үед хариуцлагатайгаар ажиллаж байгаа ажилчдаа урамшуулан дэмжиж байгаарай гэж хэлье. Хүн бүрт ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхийн тулд хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Хүн бүр эерэг хандлагатай байж, “Маскаа зүүе , гараа угаая, хамтдаа хамгаалъя” .
+100: Цаг гарган ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
⁃ За баярлалаа. Та бүгдийн ажилд ч бас амжилт хүсье.
МАСКАА ЗҮҮЕ
ГАРАА УГААЯ
ХАМТДАА ХАМГААЛЪЯ