Заавар Онцлох мэдээ

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

Шадар сайдын 2018 оны 120 дугаар
тушаалын гуравдугаар хавсралт

 

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР

НЭГ. УДИРТГАЛ

1.1. Энэхүү зааврын зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг нэгдсэн арга зүйгээр хангахад оршино.
1.2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх бөгөөд гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох удирдлагын баримт бичиг байна.
1.3. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах ажлыг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг боловсруулна.
1.4. Нэг барилга байгууламжид олон төрлийн байгууллага, хүмүүс үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд уг барилгын үндсэн эзэмшигч тухайн барилгад үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтран гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулна.
1.5 Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад орон нутгийн онцгой байдлын байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
1.6. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу төлөвлөж зарцуулна.
1.7. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг байгууллагын гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан харьяа орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулж боловсруулна.
1.8. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг орон нутгийн онцгой байдлын байгууллага хянаж, тухайн байгууллагын дарга, захирал батална.
1.9. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дараах тохиолдолд тодотгоно.
– төлөвлөгөөний бүтэц, агуулгад өөрчлөлт орсон тохиолдолд,
– орон нутагт зохион байгуулж буй гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиар,
– гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад илэрсэн дутагдал, сул талыг арилгах зорилгоор,
– аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед болон бусад шаардлагатай үед.
1.10. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тухайн байгууллагын удирдлагын томилсон ажлын хэсэг, ажилтан тодотгоно.
1.11. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/291 дүгээр тушаалаар баталсан “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, цуцлах журам”-д заасан төлөвлөгөөтэй байх бөгөөд энэхүү төлөвлөгөө нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна.

ХОЁР. ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮТЭЦ

2.1. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө дараах бүтэцтэй байна. Үүнд:
• Нэг. Нийтлэг үндэслэл
• Хоёр. Танилцуулга
• Гурав. Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө
• Дөрөв. Аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө
• Тав. Аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө
• Зургаа. Хавсралт
2.2. Байгууллагын үйл ажиллагааны онцлог, хүчин чадлаас хамааран төлөвлөгөөний бүтцэд нэмэлт хэсэг оруулж болно.

ГУРАВ. ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ АГУУЛГА, БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ

3.1. Нийтлэг үндэслэл хэсгийг боловсруулах:
Энэ хэсэгт гамшгаас хамгаалах төлөвлөгөөний зорилго, зарчим, хамрах хүрээг тодорхойлж тусгана.
Байгууллагын ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг гамшгийн аюулаас авран хамгаалах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшгийг хохирол багатай даван туулах, сэргээн босгох асуудлыг гол зорилгоо болгоно.
Байгууллагын эрсдэл, эмзэг байдал, чадавхын үнэлгээнд тулгуурласан, хэрэгжих үндэслэлтэй, ажилтан, албан хаагчид, салбар нэгжүүдийн харилцан ажиллагаа, оролцоог хангасан байх зарчмыг баримтална.
Хамрах хүрээ хэсэгт гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд салбар нэгж, хувь хүн ямар үүрэг оролцоотой оролцохыг товч дурдана.

3.2. Танилцуулга хэсгийг боловсруулах:
Танилцуулга хэсэгт байгууллагын байршил, үйл ажиллагаа, аюулт үзэгдэл, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, бүтэц, орон тоо, барилга байгууламжийн хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний үзүүлэлт, эрсдэл, эмзэг байдал, чадавхын үнэлгээ зэргийг тусгана.
Мөн байгууллагын салбар нэгжийн гүйцэтгэх чиг үүргийг товч, тодорхой бичнэ.

3.3. Байгууллагын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө хэсгийг боловсруулах:
Энэ бүлэгт Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүтцийн болон бүтцийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал хамаарна.
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланд тусгасан зөвлөмжийн дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг жил бүр төлөвлөж шаардагдах хөрөнгийг тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд тусгана.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, мэдлэг, дадлага олгох арга хэмжээг төлөвлөнө. Тухайлбал, хүн нэг бүрийн үүргэвч бүрдүүлэх, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, аюулгүй талбайд цугларах, нүүн шилжих, хүн нэг бүрийн гүйцэтгэх үүрэг, гамшгаас хамгаалах багаж хэрэгслийг бүрдүүлэх, ажиллуулах арга гэх мэт бэлэн байдлыг хангахтай холбоотой сургалт, дадлагыг хэн, хэрхэн зохион байгуулах талаар мөн дурдана.

3.4. Аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө хэсгийг боловсруулах:
Орон нутагт томоохон гамшиг, осол тохиолдсон үед болон тухайн барилга байгууламжид гал түймэр, үер, хөлдөлт, цацраг, химийн хорт бодис алдагдах, барилга байшин нурах зэрэг аюул, осол тохиолдсон үед шуурхай ажиллагааг хэрхэн зохион байгуулах дэс дарааллаар төлөвлөнө. Тухайлбал, Зарлан мэдээлэл дамжуулах, шуурхай штаб, бүлэг томилох, хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, хүч хэрэгслийг төлөвлөх, хуваарилах, мэдээ мэдээлэл цуглуулах, дамжуулах, ар тал, хангалтыг зохион байгуулах гэх мэт асуудлыг хэн, хэзээ, хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөөнд тусгана.

3.5. Аюулгүй цэгт цугларах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулах:
Барилга дотор буй хүмүүсийг гамшиг, ослын үед хэрхэн аюулгүй, түр цугларах талбайд гаргах, бүртгэх, нүүлгэн шилжүүлэх, хангалт хэрхэн зохион байгуулах талаар тусгана. Байгууллагын цахим мэдээлэл, санхүүгийн болон бусад чухал баримтыг мөн хэрхэн хадгалах, зөөвөрлөх талаар төлөвлөнө.

3.6. Хавсралт хэсгийг боловсруулах:
3.6.1. Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хавсралт дараах хэсгээс бүрдэнэ.
3.6.1.1. Тушаал, шийдвэр, журам /штаб, мэргэжлийн анги байгуулсан тушаал./
3.6.1.2. Гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын бүдүүвч /хүн нэг бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж тусгана/.
3.6.1.2. Холбоо, зарлан мэдээллийн схем /байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад хэрхэн мэдээлэл хүргэх зарлан мэдээллийн схем, холбогдох утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт/.
3.6.1.3. Хүч хэрэгсэл, нөөциийн судалгаа /тухайн байгууллагаас аюулт үзэгдэл, гамшиг, ослын үед орон нутгийн онцгой комисс, онцгой байдлын байгууллагад дайчлагдан ажиллах хүн хүч, техник хэрэгслийн судалгаа/
3.6.1.4. Ажлын болон план зураг. /гамшгаас хамгаалах удирдлагын ажлын зураг, барилга байгууламжийн план зураг, давхруудын зураг, цугларах цэг, зарлан мэдээллийн дохио дамжуулах хэрэгсэл, барилгаас гарах аюулгүйн гарцын зураглал гэх мэт/
3.6.1.5. Ажлын тусгай горимоор ажиллах төлөвлөгөө.

ДӨРӨВ. ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

4.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахдаа бусад байгууллагын төлөвлөгөө хуулбарлахгүй, өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн аль болохбүтээлч сэтгэлгээгээр хандана.
4.2. Төлөвлөгөөг байгууллагын эрсдэл, эмзэг байдал, чадавхтай нягт уялдуулан амьдралд хэрэгжихүйц байхаар боловсруулна.
4.3. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж дуусмагц төлөвлөгөөний дагуу дадлага, сургууль зохион байгуулж туршин, шаардлагатай хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулна.